Үүдэн шүдгүй Улаанбаатар, Үүдээ эвдсэн Улаанбаатар

#SaveMuseum #SaveUB

Luka Ganzorig
5 min readNov 27, 2019

Хүн төрөлхтний хамгийн том бүтээн байгуулалт бол хот юм. Анхны хот 7000 гаруй жилийн өмнө эртний грект үүсч, өдгөө дэлхийн бүх улсад оршиж байна.

Англиар хотыг city, urban гэдэг. City нь латин хэлний “civitas”-с гаралтай бөгөөд нэг хуулин дор нэгдсэн бүлэг хүмүүс буюу соёлжсон хүмүүсийг илэрхийлнэ. Харин urban нь “urbs” буюу хана, хэрэм барихыг нэрлэсэн үг юм. Испани хот төлөвлөгч Ildefons Cerdà-гыхаар хот бол соёлжсон хүмүүс хана хэрэм барих үйл явц ажээ.

Дэлхийн хотуудыг Ази төрхтэй, Европ төрхтэй гэж 2 ангилдаг. Ази хотын төвд хэрмээр хүрээлэгдсэн хааны ордон байх ба хэрмийн гадна олон эгнээ гудамжтай. Харин европ хот нь хааны ордон, сүм, задгай талбайтай ба тойроод орон сууц, түүний гадуур хана хэрэмтэй байдаг.

Хана хэрэм нь хааны ордонг эсвэл хотыг бүхэлд нь хүрээлсэн байна уу гэсэн ганц ялгаа нь ази европ хотуудын хөгжлийг үндсээр нь өөрчилсөн. Доорх зургуудад газрын түвшнээс 2.5км-с авсан азийн 2, европын 2 хотуудыг тус тус харьцуулав.

Япон Киото, Хятад Бээжин / Гудамжны хуваалт жижиг, барилгууд тусдаа бие даасан хэлбэртэй. (Бээжин сүүлийн үед барууны дөрвөлжилсөн хэлбэрийг дагаж байгаа)
Испани Барселона, Франц Парис / Барилгууд бөөрөөрөө нийлж газраа хүрээлсэн буюу хана, хэрэм хэлбэртэй. (Барселонын жигд дөрвөлжин барилгууд харьцангуй саяхных)

Дээрх 4 хот мянгаар тоологдох настай. Харин нүүдэлчин соёлтой бидний хувьд өнөөг хүртэл оршиж буй хамгийн эртний хот бол нийслэл Улаанбаатар. 1639 онд Өргөө нэрээр суурь нь тавигдсанаас хойш нийт 29 удаа нүүж, нэрээ 3 удаа сольсон байдаг. Зураач Жүгдэрийн Нийслэл Хүрээний зургийн гол хэсэгт Богд хааны Төрийн Шар Ордон (одоогийн Сүхбаатарын талбай), зүүн хэсэгт Гандан, доод хэсэгт Богд хааны ордон музейг тодоор зуржээ.

Нийслэл Хүрээ, 1912 он
Архитектор Буджавын Чимэд (эх сурвалж)

Орчин үеийн УБ-ын төрх дэлхийн 2-р дайнаас хойш бүрдэж эхэлсэн. Монголын ууган архитектор Буджавын Чимэд нь Зөвлөлт Холбоот Улсын зураг төслийн хүрээлэнгийн хамтаар нийслэлийн анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд боловсруулсан байдаг. Доорх ЕТ-ний зурагт Сүхбаатарын талбайг цагаанаар, хүүхдийн парк, дунд гол, бага тойруугийн ногоон байгууламжийг ногооноор дүрсэлсэн байна. Эдгээрийг нийлүүлвэл хотын төв нь үүдэндээ ногоон хивс дэвссэн өргөө цагаан Монгол гэр гэдгийг харах болно. Бид нүүдэлчин соёлоос суурин соёлд шилжихдээ Монгол соёл, Монгол түүх, Монгол identity (идентичность)-г хотынхоо зүрхэнд сийлснээрээ дэлхийн бусад орнуудаас ялгардаг.

Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөө, 1954 он

Чимэд гуай ЕТ-с гадна Үйлдвэрчний ордон, Залуучуудын ордон, УБ зочид буудал, Улсын төв музейн зураг төслийг зохиосон. Эдгээр болон бага тойруу, 40-50 мянгатын барилгууд хамтдаа өргөө цагаан гэрийн хана туурга, унь, үүд, тооно нь юм. Фасадандаа үндэсний хээ, чимэг, барууны элементийг шингээж, байгуулалтын хувьд хүрээлсэн хана хэрэм буюу европ төрхийг агуулсан.

Аливаа улсын нийслэл нь тухайн орны нүүр царай болж олон жилийн түүхийг иргэдэд сануулж, өвлүүлж байдаг. УБ-ыг Монголын нүүр царай гэвэл дээрх барилгууд гялалзсан цагаан шүднүүд нь юм. Бид үүх түүх болсон эдгээр барилгуудаараа бахархаж, жуулчин гийчдэд гайхуулж, хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой. Гэтэл Байгалийн түүхийн музейг нурааж байгаа нь үүдэн шүдээ цөм цохиод, өргөө цагаан гэрийнхээ үүдийг эвдэж байгаатай адил юм. 1922–1939 оны хооронд 800 гаруй сүм хийдээ шатаасан алдаанаасаа бид юу ч сураагүйгээр барахгүй цаашлаад Дуурийн театр, Драмын театрыг бас нураана гэж байна.

Тээр жил анхны ерөнхийлөгчдөө ард түмнээс нь гээд улсын төсвөөр хаус барьж өгсөн. Гадаадад бол улсдаа буцааж хандивлаад, музей болгоорой гээд хойч үедээ өвлүүлдэг байтал өнөөх нь газраа зараад нурааж орхисон.

Худалдаа Хөгжлийн Банкны цагаан шилэн барилгын суурин дээр Монголын анхны хүүхдийн номын сан байв. Өөр газар томруулж барина гэсэн алга л байна.

Саяхан хэлмэгдэгсдийн музейг бас нураав. Аав ээжээсээ өвлөж авсан эрхэм, дахиад барьчина гээд хээв нэг хэлнэлээ. Номын сан шиг нохойн замаар орно байхдаа.

Хүүхдийн номын сан (эх сурвалж) / Хэлмэгдэгсдийн музей (эх сурвалж)

2013 онд Байгалийн түүхийн музейн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй тул нураа гэсэн. Гэтэл яг адилхан зураг хийцээр нэг үед барьсан Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн барилга зүв зүгээр.

Эхэнд дурдсан Парис хотын барилгууд тоосгон өрөг модон хучилтаараа манай музейтэй төстэй. 1853 онд хотын дарга Baron Haussmann-ы удирдлага дор баригдаад 166 жил болж байна. Засч арчлаад болоод байхад манай мэргэжлийн хяналтынхан музейг сэргээх боломжгүй гэж мэдэмхийрсэн. Оймсондоо доллар чихээд баригддаг хүмүүсээс олигтой дүгнэлт гарахгүйлдээ.

Гэтэл тэдэнд итгэсэн салбарын сайд нь Их Тэнгэрт шинийг барьна, дуугай бай гэж, хотын дарга харин тоосон ч шинжгүй сууна. 30 жилийн дараа бидний хойч үе Монголын анхны музей хаана байгаан? гэвэл нураачихсаан гэх үү?

Эргээд хот төлөвлөлтрүүгээ оръё. Чимэд гуайн ЕТ-г сайтар ажиглавал Чойжин ламын музей, Гандан, Богдын өвлийн ордны талбайд ямар ч төлөвлөлт хийгээгүй нь хадгалж үлдээх зорилготой байсныг илтгэнэ. Тухайн үедээ хуучирсан, царай муутай, аюултай гээд нурааж болох байсан ч хойч үедээ үлдээжээ. Доорх зургуудад УБ хотын 3 хэсэг, Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг 2.5км өндрөөс харьцуулав.

Хотын төв, Байгалийн түүхийн музей / Гандан хийд
1-р хороолол / Мөрөн хот

Хотын төвийг дээрээс нь харвал нүүдэлчин соёл*, алхаад явбал европ төрх*, Ганданд ази төрх*, хороололд зүүн Германы Super Block төлөвлөлтийг* харах боломжтой. Эдгээр дөрвөн шинж чанар нь зөвхөн УБ бус, Монгол улсын түүх соёлыг цогцоор нь илэрхийлдэг. Бид нүүдэлчид байгаагүй бол гэргүй, Буддын шашин шүтээгүй бол сүм хийдгүй, Ардын хувьсгал гараагүй бол нийслэл европ төрхгүй, үйлдвэржилт явагдаагүй бол том хорооллууд байхгүй байх байсан. Мөрөн хотыг УБ-тай харьцуулахад эмх цэгцтэй харагдаж нэг талаас сэтгэл татах ч нөгөө талаас нэгэн хэвийн төрхтэй байгаа нь уйтгартай.

Энэ бичвэрээр хэн нэгнийг муулахыг, эсвэл түүхийн аль нэг цаг үеийг үгүйсгэхийг зорьсонгүй. Харин хотод цаг хугацааг биет болгож, тухайн орон зайд оршсон хүмүүсийн амьдралыг түүх болгон хойч үед өвлүүлж, соёлыг түгээх асар том үйл явц өрнөж байдгийг хэлэхийг хүсэв. Музейн барилгыг нураалгүйгээр сэргээн засч Galleria Ulaanbaatar-ын адил хойч үед өвлүүлээсэй.

Бид өчигдөр улс тунхагласныг, өнөөдөр Их хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж түүх соёлоороо бахархаж байна. Түүхээ зөвхөн тэмдэглэж биш, хойч үедээ биетээр үлдээж чаддаг байхсан. Уншигч та санал нэг байвал цааш түгээхийг хичээнгүйлэн хүсье.

Ганзоригийн Лувсанжамц. Архитектор, Хот төлөвлөлтийн докторантур

--

--

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

Responses (1)