Чиний зовлон надад хамаагүй

Бидний зовлонгийн үндэс

Luka Ganzorig
3 min readJul 3, 2020

Хэн нэгний эрх зөрчигдөж байвал түүнийг хамгаал. Түүний төлөө дуугар. Хэн ч байсан хамаагүй түүнийг хамгаал.

Хөгшин бай, залуу бай, ижил хүйстэн бай, хөгжлийн бэрхшээлтэй бай, хэлмэгдсэн бай, өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй хэн ч байсан түүнийг хамгаал.

Гадаадад гацсан элэг нэгт ахан дүүсийнхээ төлөө дуугар. Гэр хороололд тоглох талбайгүй, өвлийн хүйтэнд тэргээр ус зөөдөг хүүхдийн төлөө дуугар. Хүнд өвчтэй хүний төлөө дуугар. Хүчиндүүлсэн охидын төлөө дуугар. Өнчин өрөөсөн хүүхдийн төлөө дуугар. Амиа алдсан хүний төлөө ч бас дуугар. Ингэхдээ хувь хүний төлөө биш ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ДУУГАР.

Дуугүй өнгөрвөл маргааш чиний ээлж ирж, эрх чинь зөрчигдөнө. Тэр үед чиний төлөө хэн ч дуугарахгүй. Бүгд нүдэн балай чихэн дүлий “Чиний зовлон надад хамаагүй” гээд тоохгүй өнгөрнө.

Тэр үед ганцаардахгүйн тулд өнөөдөр чи дуугар. Дуугарч байж нийгэм урагшилдаг. Улс хөгждөг. Сайн сайхан цаг ирдэг. Эсрэгээрээ дуугаралгүй өнгөрөх тусам хөгжил ухардаг. Амьдрал дорддог.

Өнөөдөр зовлон зүдүүр, өвчин шаналал, үхэл хагацлаас хол байж болно. Гэвч жаргал зовлон ээлжилдэг. Чиний эрхийг хэзээ хэн зөрчихийг мэдэхгүй. Гудамжинд зөрсөн залуу бөгсийг чинь базаж, автобусанд халаасыг чинь ухахыг хэн ч таашгүй. Сурах боломжийг чинь хулгайлж, хямд хүүтэй зээлийг чинь завшиж, аминд чинь хүрч магадгүй.

Асуудал зөвхөн 76-д, ерөнхий сайдад, ерөнхийлөгчид байдаггүй. Асуудал өөрөө нийгэмд байдаг. Асуудлыг үл ойшоодог хүмүүст байдаг. Хүний асуудлыг “За сүртэй юм, яршиг л байна” гээд тоохгүй өнгөрдөг хүмүүст байдаг. Музейг нураахад дуугараагүй хүмүүст байдаг. Усан оргилуурт тэрбумаар нь зарж байхад тоогоогүй хүмүүст байдаг. ЖДҮ-г хулгайлахад хариуцлага нэхээгүй хүмүүст байдаг. Тэтгэвэр, боловсролын зээлийг тэглэхэд “За яахавдээ”, “Ашгүйдээ” гээд дуугүй өнгөрсөн хүмүүст байдаг. Тусгай нислэгт багталгүй гацаж, үртэйгээ уулзаж чадалгүй хорвоог орхисон хорт хавдартай эхийн тухай постонд cry reaction, share хийгээд өнгөрдөг хүмүүст байдаг. АСУУДАЛ БИДЭНД БАЙДАГ.

Хэн нэгэн зовж байвал түүнээс учрыг нь асуу. Түүнийг сонс. Түүнтэй хамт бай. Маргааш чиний зовлонг хэн нэгэн хуваалцана. Чамд тусална. ЧАМАЙГ СОНСОНО.

Музейг нураахын эсрэг жагсаж болно. Живж үхсэн 4 хүүхдийн төлөө жагсаж болно. UB Comedian-ыхан шиг ажлаа хийхийн төлөө жагсаж болно. Гадаадад гацсан иргэдийг төлөөлж жагсаж болно. Гэхдээ бүгдээрээ хамтдаа жагс. Жагсаж байгаа шалтгаан таалагдахгүй бол сөрж жагс.

Өөрийн эрх ашиг, өөрийн хүрээллийн төлөө биш, нийтийн эрх ашиг, нийгмийн төлөө хамтдаа жагс. Иргэний ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЖАГС. Наадмаар масктай уралдуулах гэж байгаа хүүхдүүдийн төлөө жагс. Хувийн бизнесүүд дампуурч байхад 3 тэрбумаар наадам хийх гэж байгаа төрийг эсэргүүцэж жагс. Хувийн амралтын газар луугаа бидний мөнгөөр зам тавьж байгааг эсэргүүцэж жагс. Олимп хүртэл хойшилж байхад наадам хийхээр улайран зүтгэж байгаа дарга нарыг шүүмжилж жагс.

Бид цөөхүүлээ. Зовж шаналж байгаа хүмүүсийн дуу хоолой бүр цөөхөн юм шиг санагддаг. ГЭВЧ АСУУДАЛ ЖИЖИГ БИШ. Яагаад гэвэл Монгол ХҮН БҮР ҮНЭ ЦЭНТЭЙ. Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, баян ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, ижил хүйстэн хэн ч байсан МОНГОЛЫН БАЯЛАГ УЧРААС. Монгол улс газар шороо, хэл соёл, шашин шүтлэг, ёс заншлаас урьтаж МОНГОЛ ХҮН учраас. Өөрийнхөө төлөө, өөрсдийнхөө төлөө дуугар. Нутаг ус, хот хөдөө, гарал үүсэл хамаагүй нийгмийнхээ төлөө дуугар. Тэгж чадсан цагт сайн цаг ирнэ. Заавал ирнэ. Чанга дуугарах тусам хурдан ирнэ.

Амьдрал нийтээрээ ялж, нийтээрээ ялагддаг. Ганцаараа ялдаг амьдрал хаана ч байхгүй. Ганцаараа төрж, ганцаараа буцдаг ч ХАМТДАА ТУУЛДАГ ХОРВОО.

Photo by Miguel Bruna on Unsplash

Хорт хавдартай тэмцэхээр гадаад яваад, үртэйгээ уулзаж чадалгүй хорвоог орхисон үл таних бүсгүйд зориулав. /2020.07.03/
Үргэлж таны Лука

--

--

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

No responses yet