Тайландын хамгийн том арал Пукет

Зүүн өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл 7

Luka Ganzorig
5 min readJan 28, 2020

Хоног: 5 шөнө 6 өдөр/ Зардал: 500$/ Очууштай: Phi Phi Islands, Bamboo Island / Зөвлөгөө: Биесийг гаргуунд гарга! Нарны тос түрх!

Янгоноос Бангкокоор дамжаад жаргалын арал Пукетэд ирлээ. Нэг дамжсан 4 цагийн нислэг 90$ болов. Дээр нь хоолтой. Ер нь Зүүн өмнөд Азийн улс хоорондын нислэг эрт захиалвал маш хямд. Энэ аяллынхаа бүх нислэгийн үнийг дурдвал Токио-Ханой 140$, Ханой-Сайгон 70$, Бангкок-Янгон 50$, Янгон-Бангкок-Пукет 90$, Янгон-Сингапур 110$, Сингапур-Бангкок 60$, Бангкок-Токио 160$. Нийт 8 нислэг 680$ байхад МИАТ Токио-УБ хоёр талдаа 700$ гэхээр арай юу? Арай арай.

Хаврын амралтаар хариад ирэх мөнгөөр 5 орон үзэж байгаадаа туйлын баяртай байна өө. Тэхх.

Пукетэд ирсэн гол зорилго бол ерөөсөө далайн эрэг дээр борлотлоо хэвтэж, буудлын буфетэд хагартлаа идэж, A/C-тэй өрөөнд ногоортлоо унтаж, гадаа бассейнд дэвтэтлээ сэлэх билээ. Ер нь урьдчилж төлөвлөсөн зүйл огт байхгүй. Яахав ёсыг бодож хэдэн газар үзнэ.

Ёстой нэг зорилгогүй амьтан онгоцноос буулаа. Энд Manathai Surin Phuket гэдэг оюутанд жоохон тансагдах буудал захиалахдаа мөнгөндөө горойгоод тосох үйлчилгээ аваагүй нь буруутжээ. Энэ буудлыг сонгосон 5 гол шалтгаан бол нам гүм эрэг, үнийн хувьд боломжийн, далайн эргээс ойр, бассейнтай, үндэсний хоолон буфеттэй. 5 хонохдоо сонголтондоо маш сэтгэл хангалуун байв.

Surin эрэг (panaroma)
Буудлын зургийг site-аас нь авав. Үдээс өмнө далайд, үдээс хойш буудлын бассейнд хэвтээд усны амьтан болох дөхсөн.

Анх удаагаа далайн эрэг дээр олон хоногоор ирсэн оюутан, хөөрч гүйгээд эхний өдрөө наранд арьсаа халцартал түлэгдээд 2 хоног арзайж хоносныг эс тооцвол жаргаж үхэх шахав. Аялал жуулчлал маш сайн хөгжсөн энэ арлын өртөг өндөр ч үйлчилгээ маш сайн. Ахиухан мөнгө байвал бараг ядраад харихаар олон entertainment-тэй. Далайд шумбаж, завинд чирэгдэж, шүхрээр бууж, гүүрнээс үсэрч, бөмбөгөөр өнхөрч, амьтны хүрээлэн, музей бүү хэл хүйсээ сольсон эрсийн загварын шоуг үзэж, Тай хоолны сургалтанд сууж, дугуйгаар зугаалж, скүүтэр хөлөглөн дэмий тэнэж, ойр хавийн арлыг сонжиж, Patong эргийн Bangla Road гудамжинд үүр цайтал шоудаж, хийн буугаар буудалцаж, заан унах байтугай цуг усанд орох гээд сар байсан ч амжихааргүй их үзвэртэй. Буудлын хүлээн авахад эдгээрийн гарын авлага байх ба өмнөх өдөр нь захиалгаа өгвөл хоол унаа билет бүгдийг хамтад нь шийдээд өгнө. Аялал жуулчлал хөгжинө гэж үүнийг л хэлнэ байх.

Очууштай дээр бичсэн холгүй орших 2 арлыг үзэх бүтэн өдрийн аялал хамгийн таалагдав. Бүх юм нь ороод 110$. Жоохон үнэтэй ч, нэгэнт ирсэн бол заавал үзэх аялал байна. 1974 оны James Bond “The Man with The Golden Gun”, 2000 оны “The Beach” киноны зураг авалтыг хийсэн эдгээр арлууд цав цагаан элсэн эрэгтэй, ёроол нь харагдсан тунгалаг устай. Завьнаас буугаад аврах хантааз, усны шил зүүж амны гуурс үмхээд snorkeling хийхэд далайн амьдрал тасархай гоё. NatGeo цаашаа. Шүрэн арал, дулаан усны өнгөлөг загас жараахай, наймаалж арваалжийг төрөл төрлөөр нь харна.

Тээр жил зүрхний андуудтайгаа Булганы Сайханд үдшийн бүрийгээр жаргах нарыг харан айраг шимж суухдаа, Аварга Тосонд задгай майхны үүдээр нуурын усанд ойх тэнгэрийн өнгийг ширтэж хэвтэхдээ амьдын жаргалыг мэдэрсэн шиг сэтгэл хөдлөлийг эндээс мэдрэв. Диваажин дэлхий дээр байдаг гэж боддог маань энд дахин батлагдав.

Bamboo Island-ын эрэг. Сууж явсан завь.

Харин буудлын эрэг жижиг арлуудыг гүйцэхгүй ч цэвэрхэн шар элстэй, ус нь бүлээхэн, хүн багатай, нам жим, хааяа хуримын зураг авалт хийгээд ер нь л тухтай. Энд амьдарвал асуудал багадаад юу ч бодохгүй байсаар байгаад тэнэг болж мэдэхээр.

Пукетэд Орос баячууд нэлээн ирдэг бололтой. Гэр бүлээрээ хүмүүс олон. Хэл мэддэг бол ах нартай ганц шил юм задлаад Халхын голын дайны талаар буу халмаар л байлаа. Даан ч хараалын хэдэн үг л үлдэждээ. Гэхдээ дэмий. Халчаад “Танай Путин манайхыг арай л дээрэлхэж байгаа шүү” гээд агсам тавьж магадгүй.

Пукет арал олон эрэгтэй ба эрэг бүр өөр өөрийн онцлогтой, өөр өөр насны хүмүүс очдог. Миний очсон Сүрин эрэг гэр бүлээрээ жуулчид олон байсан бол Патон эрэг залуусын уяанаасаа алдуурдаг газар. Нэг орой сонирхлын журмаар тэндхийн Бангла гудам орж хоол эргүүлэнгээ хорвоотой танилцаж нутгийн клуб орсон чинь өөр зорилгоор ордог газар байж таараад шал дэмий нүд хийж суув.

Патон эргийн Бангла гудам. Хоол идсэн газраа Сүхбаатар ахыгаа хараад самсаа шархирав. Мөөмийг яа гэнэ үү?

Пукет явах бол хосоороо эсвэл гэр бүлээрээ алжаалаа тайлахаар очвол зүгээр. Харин нарны тосоо түрхэж, усанд орохдоо аврах хантаазаа зүүхээ мартуузай. Арван жилийн алт шиг сайхан найз минь амарч яваад эндсэн болохоор уншигч танд аминчлан захия. Эрийг бүү бас, Далайг бүү янд.

Эрэг дээр амьдын жаргалыг эдэлж хэвтэхдээ дарсан хэдэн зургаа толилуулъя. Хэрвээ та энэ хүртэл уншсан бол Passenger|Let Her Go-ын энэ cover-ыг сонсонгоо доорх зургуудыг үзээрэй :)

Тэнгэр далайд зүрхээ өгөхдөө.
Тэнгис, тэнгэр, эрэг гурвын уулзах цэг.
Өрхөө татах тэнгэр.
Мод өнгөндөө биш хэлбэртээ. Харин хүнд өнгө хэлбэр аль нь ч зохихгүй.
Холдон явах хүний нуруу л түүний сайн мууг хэлдэг.
Дэлхий, сарны татах хүч, тэнхлэгээ эргэлт, салхи, халуун хүйтэн урсгал давалгааг үүсгэдэг. Хүн бас олон нөлөөний үр дүн.
Төгс шулуун зөвхөн тэнгэрийн хаяанд байдаг.

--

--

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

No responses yet