Орхигдсон классик хот Янгон

Зүүн өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл 6

Luka Ganzorig
10 min readJan 20, 2020

Хоног: 3 шөнө 3 өдөр/ Зардал: 165$/ Мөргүүштэй: Shwedagon Pagoda

Аялалынхаа 4 дэх улс, 7 дахь хотдоо ирлээ. Гэрээс гараад 15 хоножээ. Сием Рипээс бусад газар мөнгөө хэмнээд хямдхан хостелд л буусан болохоор бас ядарч байна шүү. Гэхдээ зүгээрээ, дахиад 14 хоногийн адал явдал хүлээж байна. Ингэж өөртөө хэлээд онгоцноос буув.

Зүүн өмнөд азидаа 2-т орохоор газар нутагтай, хуучнаар Бирм нэртэй Мьянмар улсад анх удаагаа хөл тавив. Тайландаас дутахааргүй халуун байна шүү золиг гэж.

53 сая хүн амтай, жилдээ 70 тэрбум $ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг энэ улсын эдийн засгийн төв Янгон хот нь 2006 он хүртэл улсын нийслэл байв (одоогийн нийслэл Нейпьидо). Газар зүйн байршил сайтай, цаг уурын нөхцөл таатай энэ улс ерөнхийдөө баян тансаг байж, хааяа нэг зэргэлдээ хөршүүдээсээ газрыг нь булаачихдаг хүчирхэг гүрэн байв. Гэвч 1824 онд хөрш орнуудын адил Их Британийн колоничлолд орж 100 гаруй жил “мөлжүүлэв”. Сайн ч бай муу ч бай 2-р дайны ачаар 1948 онд тусгаар улс болон чөлөөт сонгуулиар шинэ засгаа байгуулж, хөгжлийн замд орохоор сэтгэл шулуудав. Угийн үржил шимтэй газар нутгаас нь байгалийн хийнээс гадна хаш, бадмаараг, биндэрьяа зэрэг үнэт чулуун ордууд олноор илэрч бусад улсуудын атаархлыг төрүүлж байв.

Хөгжлийн үр шимийг хүртэхийн даваан дээр 1962 онд Хятадын коммунист намын нөлөөтэй цэргийн бослого гарч, ардчилсан засгийг булаан авснаар Нэ Виний цэргийн дарангуйлал эхлэв. Чөлөөт хэвлэлийг үл зөвшөөрч, хувийн бизнесийг хориглон татан буулгаж, ашигт малтмалын ордуудыг улсад хураан авч төрийн өмчит компани болгосноор Бирмчүүд нохойн замаар оров. Хээл хахууль газар авч, засгийг эсэргүүцэгчдийг олноор хорьж, оюутны хөдөлгөөнийг цус урсган дардаг байв. Нэ Виний засаглал дор Бирм дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болов. Английн колони байхдаа ч ингэж “мөлжүүлсэнгүй” гэдэг үг гарав. Хатуу гартай ганц даргатай байх угаасаа дэмий.

Түүнийг нас барсны дараа цэргийн засаг аажмаар ардчилах хөдөлгөөнийг эхлүүлэн 1990 онд чөлөөт сонгууль явуулснаар Аун Сан Су Чи-гийн Ардчилсан холбоо ялалт байгуулав. Гэвч цэргийнхэн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй Су Чиг гэрийн хорионд хийв. Су Чи ч яахав гэртээ суухдаа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн боловч Бирмчүүдийн магнай тэнийх өдөр дахин хойшлов.

Цагийн эрхээр ардчилах хөдөлгөөн эрчимжиж, Мьянмар ASEAN-д нэгдэж, Су Чи гэрээсээ гарч, Хилари Клинтон айлчилж, 2012 оны сонгуулиар Ардчилсан холбоо их хурлын 45 суудлын 43-ыг авч засгаа байгуулав. Ойрд Рохинга-гийн дүрвэгсдийн асуудлаар олон улсын хэвлэл мэдээлэлд өртөх болсон энэ улсын дуртгалыг энүүхэндээ дуусгаад аялалын тэмдэглэлээ эхэлье.

3/18 Даваа

Нисэхээс гараад хотын төв орох автобусанд суутал хачин цэвэрхэн. YBS буюу Yangon Bus Service-ын тэрэг гаднаа ч дотроо ч гял цал. Дээр нь хямд. Төв хүртэл 500 kyat буюу 900₮. Нийтийн тээвэр ийм л баймаар (киатын ханш төгрөгөөс чанга, бандийм бэ!) 10км яваад хотын төвд буугаад захиалсан буудалруугаа алхлаа. Хөлс урсаад алах нь ээ.

Хятад хорооллын ойролцоо Best Western Hotel-д 3 хоног, өглөөний цайтай байрлахад 70$. Мөн 50$-оор аялалын виза авсан болохоор оюутны хэтэвчинд хүндхэн тусав.

Мод цөөтэй хотын гудмуудад хог хөглөрөөд нэлээн бохир. Муу усны хоолойноос өмхий үнэртээд анхны сэтгэгдэл нэг л наашгүй. Английн колони байсан улсуудын гудамж угаасаа царай муутай л даа. Ачаагаа орхиод 7 сая хүн амтай хотын шөнийг сонирхохоор хятад гудамжаар алхлаа. Өргөн чөлөө ачаалал ихтэй. Нарийн гудмуудад гадаа ил тавьсан хуванцар сандал ширээ хөглөрнө. Түрдэг тэргэн дээр хоол хийх тогоочдын ихэнх нь эмэгтэйчүүд хүүхдүүд. Халуун тогоонд голдуу далайн гаралтай хоол байх ба үе үе тосонд шарсан хорхой шавж тааралдана. Нутгийн залуус үүндээ дуртай бололтой лаазтай пивондоо хачирлана.

Мьянмар улс нь жуулчдад халгүй, гэмт хэрэг бага, харьцангуй тайван оронд тооцогддог ч гэрэл муутай гудмууд нь нэг л жийрхмээр. Гэхдээ гайгүй ээ. Эр хүн байна даа гэсээр цаг гаруй алхчаад буудалдаа очиж эргэсэн тавхайгаа буцаахаар эртхэн амрав.

Хятад хорооллын гудам
Орон сууцны фасад
Энэ зураг маань таалагдаад байгаа.

Нээрээ цэргийн баярын мэнд! Эрүүл мэндээ бодоод бүсэлхийн тойргоо багасгаад, ирээдүйдээ бэлдээд боловсролдоо жоохон анхаараад, үр хойчдоо үлгэр болж охид бүсгүйчүүддээ хүндэтгэлтэй ханддаг болмоор байна аа. Энэ гурвыг биелүүлвэл бултаараа шилийн сайн эр болох юм шиг санагдаад байдым. Өөр тайвандөө тэхх.

Мьянмар хурим, Мьянмар пиво, Мьянмар дэвсгэрт Киат.

3/19 Мягмар

Зээ өнөөдөр Мягмар гараг учраас Мьянмарын түүх соёлыг нэг өдөрт дуусгах зорилго тавьсан завгүй өдөр билээ. Шашны төв, үндэсний түүхийн музейг үзнэ гэсэн хоёрхон зорилготой л доо :D

Бирмчүүд бурхан багшийг утгаар нь шүтнэ. Шүтэх шүтэхдээ бүр цул алтаар бүрсэн 105м өндөртэй Shwedagon Pagoda (18000₮) суваргыг 1372 онд барьсан байгаам. Тойроод үе үеийн хаадын бариулсан, хандивласан баахан хийд, суварга, шилтгээнтэй. Бас л эрдэнийн чулуу, алт, шил толиор бүрж чимсэн. Энэ хавийн шал тэр чигээрээ гантиг чулуугаар хийгдсэн нь нарны гэрэлд гялалзаж цэмцийгээд цэвэрхэн сайхан ч дээрээс нар төөнөөд арай л халуун. Шал цагаан тулдаа алхахтайгаа. Хар байсан бол хайруулын таваг шиг юм болж байхгүй юу. Харин нарны шилгүй бол гялбаж үхэж мэдэхээр газар юм.

Нээрээ ийшээ орохдоо богино өмд, майктай орж болохгүй. Шорттой очсон чинь үүднээс Longyi авч өмс гээд эдний үндэсний банзлыг бүсэлхийгээрээ ороожийж орсон.

Хийдийн гол хаалга. Арслан нь марзан царайтай :))
Урт хоолойгоор яваад урсдаг шатаар өгсөхөөр хийдийн талбайд орно.
Шведагон суварга (105м). Засвартай гээд барилгын хулсан шатаар бүрхсэн байсан нь харамсалтай.

Өндөр суваргыг тойроод 7 гараг дээр нэмээд Ketu, Rahu гээд нийт 9 гарагийн бурхан байх ба дор бүрээс рашаан ундарна. Өөрийн гарагийн бурханг уславал буян хураадаг гэнэ. Хар халуунд бурхан ч бас халууцдаг бололтой.

Гадна дотны жуулчин ихтэй энэ хийдэд гэр бүлээрээ ирсэн нутгийн хүмүүс олон. Зай томтой суварганы саравчинд даавуу дэвсээд савлаж ирсэн хоолоо дэлгэж тавиад гэр бүл хамаатан садан бултаараа цайлна. Өглөө эрт ирээд өдөржин байдаг бололтой. Хааяа нэг лам дээр очиж адис хүртэнэ. Би ч яахав гүехэн шүтлэгтэй хүн Лхагва гарагийн бурхнаа усанд оруулчаад сүүдэр бараадаж хэсэг хэвтэж байгаад гарав. Гэсэн ч өдрийн тал энд өнгөрсөн гэхээр нэлээн том хийд байгаам шүү. Бурхны шашин шүтдэг бол нэг удаа ирж мөргөмөөр газар юм.

Мьянмар Будда цагаан арьстай. Баруун талынх өөр бурхан бололтой.
Бурхан багш турж эцхийн даваан дээр гэгээрсэн чинь гэнэт таргалаад буян даасан гүзээтэй болсон бололтой.
Гэр бүлээрээ амрах хүмүүс.
Хаадын, хандивлагчдын бариулсан суваргууд.

Гараад үндэсний түүхийн музей хүртэл алхсан чинь пээ бүү үзэгд, амьдаараа болох шахав (уг нь 1км л зайтай). Айхтар халуун орон юм. Хүйтэн орны хүн аргагүй аргагүй гэж өөрийгөө тайвшруулж нтр. Музейн билет 9000₮. Зураг авах хориотой. Цөөхөн үзвэртэй, байгаа хэд нь ядруухан. Засвар хийлгүй удсан гэмээр халцарсан будаг, хагарсан шавар энд тэндгүй. Үзэж байгаа хүн ч цөөхөн. Цэргийн дэглэм түүх соёлдоо хүртэл хайнга ханджээ. Гэхдээ барилгийг нь нураачихаагүйг бодоход манайхаас арай дээр юмдагуудаа. Үзэж дуусаад түүх соёлоо мэддэггүй улс орон юм байна даа гэсэн сэтгэгдэл төрөв. Хайран түүх, хайран соёл, хайран 9000₮.

Огт үзэх юмгүй гэвэл бас хэтрүүлсэн хэрэг болно. Мьянмар хэлний үүсэл болсон Пью үсгийн булан сонирхолтой. 2000 гаруй жилийн өмнөөс ашиглаж ирсэн урт түүхтэй гэнэ. Үүгээрээ ч их бахархдаг бололтой бусад үзвэртэй харьцуулахад нарийн тайлбартай.

Мьянмар бичиг kawaii.

Үүнээс гадна Аун Сан ахайтны гэр бүлийн түүх, үндэсний спорт Чин Лон (хамгийн эртний хөл бөмбөг бололтой) зэрэг нь бас үзүүштэй. Өдрийн зорилгоо биелүүлцэн хүн хоол олж иднэ байгаа, нар нэлээн хэвийцэн юм чинь алхаад явчихад таарна байгаа гээд гарсан чинь өөдөөс Бирмийн нар “тийм юм байдаггүймаа” гэж байна шүү. Ий ий ий. Хатуу хорвоо халуун тэнгэр юмдаа.

Хоол идэж болох хамгийн ойрхон газрыг гүүгэлдээд бажигадав. 5 минут алхаад City Mall St.John-д ирэв. Янгоны баячууд ордог бололтой нэлээн том, A/C нь сэнгэнэсэн сэрүүхэн дэлгүүр байна. Япон, Солонгос бараа голдуу харагдана. Хамгийн дээд давхарт үндэсний хоолтой газар сонгоод үтэр түргэн хүйтэн спраит захиалан хоолны менюг сонжив. Гадаа террас дээр харваас баян айлын бацаан царайтай дүрэмт хувцастай хүүхдүүд тамхи татацгаана. Одоогийн Мьянмар хүүхдүүд бүр байжэээ :P

Хаа ч харж болох mall

Эдний үндэсний хоол ер таалагдаагүй. Энэ моллд ч тэр, гадаа гудамжинд ч тэр. Английн колони байсан орнууд Английг дагаад хоолны соёл муутай гэж үнэн бололтой. Арга бараад сүүлдээ Япон, Тайланд хоол идсэн. Тийм болохоор энэ бичвэртээ хоолны зураг нэгийг ч оруулсангүй. Зорьж ирвэл Мохинга гээд шөлийг нь туршиж болох юм. Бусдаар бол бууз хуушуур нь дээр шүү дээ ай хөө зээ хөө.

3/20 Лхагва

Өнөөдөр хоттой танилцана. Мэргэжил, сонирхлын дагуу зах, төмөр замын өртөө, орчин цагийн барилгууд, бизнес төв, католик сүмийг гээлгүй үзнэ. Аяллаар явахдаа тухайн улсын нийгэм, эдийн засаг, түүх соёлыг богино хугацаанд мэдье гэвэл дээрх газраар явбал хамгийн дөт байдаг. Тэгэхдээ аль болох нийтийн тээвэр эсвэл явганаар явууштай.

Google map дээр үзэх газруудаа тэмдэглээд буудлаасаа гартал бүгчим халуун угтав. Бууж өгөхгүй ээ. Чингисийн удам байна даа гээд хөлсөө урсган байж очсон эхний газар бол Голланд архитекторын зураг төслөөр 1899 онд барьсан St.Mary Cathedral. Улаан тоосгон фасадыг цагаан өнгийн сийлбэр, элемэнтээр чимсэн сүмийн барилга саяхан ашиглалтанд орсон уу гэмээр шив шинэхэн. Өндөр тааз сэлүүхэн зайтай мөргөлийн танхим сэрүүхэн сайхан. Шинэ гэрээг хальт уншсанаас өөр Христийн талаар мэдлэггүй ч танхимын хийц, бүтээц, гоёл чимэглэлийг ажин суухад үйлдсэн нүгэл бага ч гэсэн цайрах шиг. 100 гаруй жилийн настай гэхэд сайхан арчилж хамгаалж үлдээсэн нь атаархмаар…

Гэгээн Мариян дуган
Дуганы урд фасад
Мөргөлийн танхим
Апс, Хавирган адар (тааз)

Бирмчүүд голдуу үндэсний хувцсаа өмсөнө. Эрчүүд футболкан доор цулгай, хар бараан өнгийн longyi-гоо орооно. Бүсгүйчүүдийнх өнгөлөг хээ хуартай ба цамцтай нь хослуулна. Доогуураа бүгд beach sandal-тай. Мөн нүүрэндээ Thanaka гэх цагаан шаргал шавар шиг юм түрхэнэ. Эрчүүдийн тал хүрэхгүй хувь нь, эмэгтэйчүүд хүүхдүүд бараг бүгдээрээ. Нарнаас хамгаалдаг гоо сайхны маск бололтой.

Үндэсний хувцас, Танака түрхсэн охин.

Дуганаас гараад өртөө, Bogyoke Aung San захыг үзэв (Су Чи ахайтны эцгийн нэрээр нэрлэсэн). Янгон өртөөнөөс эртний нийслэл Баган хүртэл 18 цаг явдаг (21600₮). Найз маань Баганд заавал очоорой гэж зөвлөсөн боловч энэ удаад цаг давчуу байсан тул амжсангүй. Дараа ирэхдээ бадарчилж заавал очно оо.

Янгон өртөө
Хуучин Баган (эх сурвалж)

Зах дээр түм түжигнэж бум бужигнана. Нутгийн гар урлалын бүхий л зүйл байна. Чулуу мэдэх хүн энэ захаас хөөргөндөө толгой авбал зүгээр санагдав. Торго даалимба ч бас ёоз ёозоороо. Цагаан сарын бэлтгэлээ эндээс базаавал үнэ хямд, сонголт их, орчин ч цэвэр юм. Оюутан хүн эрдэнийн чулуу бөс даавуу мэдэх биш харахаас цаашилсангүй. Харин цагаан, бор элсэн чихэр, кофены үр авч Монголд зарвал хөөрхөн ашиг олохоор харагдлаа.

Захын барилга
Захын гадаа
Зах дотор

Захаас гараад хотын төвийн барилгуудыг сонжиж, Янгон голыг үзээд, Sule pagoda-гаар дайрав. Хотын хамгийн эртний барилга нь энэ суварга бөгөөд яг төвд байрлалтай. Дээд зэрэглэлийн сүлжээ зочид буудал, өндөр шилэн оффис, үнэтэй mall, plaza-гаар хүрээлэгджээ. Мэргэжлийн хүний хувьд колонийн үед баригдсан классик загварын барилгууд хамгийн сонирхолтой байв. Чамин ганган хийцтэй барилгууд олон байх ч арчилж тордоогүйн улмаас элэгдэж муудаад өнгөө алдан гунджээ. Засч сэргээвэл Вьетнамын Саигонтой дүйхээр. Ай лайф аа гэж, харамсалтай юм даа.

Төв шуудан / Орхигдсон барилга
Хамгийн хайран санагдсан барилга. Засаад авбал хэчнээн сайхан.
Саяхан баригдсан банкны барилгууд (нео классик)
Яам, төрийн захиргааны барилга бололтой.
Сүм дуганууд харин арчилгаа сайтай. Төв нэгдсэн эмнэлэг (баруун).
2600 жилийн настай Сүлэ суварга, Янгон гол улаанаараа эргэлдэнэ.

Буудалруу буцахдаа хар халуунд гай гээд такси барив. Эндхийн унаа хаа ч хүрсэн 5400₮-р явдаг гэнэ. Эсвэл гадаад гээд элэг барьсан байх. Манай жолооч нэг ч шүдгүй. Үе үе улаан шүлс хаях нь хачирхалтай. Нээрээ эндхийн гудамжаар улаан толбо энд тэндгүй харагдсан нь хүмүүсийн шүлс байж. Буудалдаа очоод гүүгэлдтэл Kwun-ya нэртэй зажилдаг тамхи гэнэ. Бетелийн самар, гичний үр, нунтагласан хясааг зуураад бохь шиг зажлахаар улаан шүүс гарч мансууруулдаг гэнэ. Жолооч мансуурцан явж байж цус гэж.

Эрчүүдийн ихэнх нь үүнд донтсон байдаг ба шүд унагахаас гадна амны хөндийн хорт хавдар үүсгэх аюултай гэнэ. Хаа сайгүй зардаг гэхээр нь гарч хайв. Автобусны буудал дээр хэдэн хүн урд урдаа жижиг хайрцаг тавиад төмөр цаасан дээр цагаан юм зуурах нь өнөөх болж таарав. 1 удаагийнх нь 180₮ гээд их хямд юм (аваагүй). Манайд ТҮЦ-нээс тамхи ширхэглэж байгаам шиг л хүмүүс нэлээн авах юм. Эрч хүч, баяр баяслыг мэдэрч, өдрийг сайхан өнгөрөөдөг гэсэн бичлэг youtube-ээс үзэв. Энэ тамхи үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн нийгмийн хурц асуудлуудын нэг гэнэ.

3/21 Пүрэв

Гуравхан хоног байсан ч чамгүй олон юм үзэж амжив. Үйлчилгээ сайн, хот сонирхолтой, хүмүүс нь найрсаг(мансуурсан болохоор ч байж магадгүй :P) Үндэсний хоол, машины сигнал л таалагдсангүй. Дараа ирж хуучин Баганыг үзнэ ээ. Одоо харин Бангкокоор дамжаад Тайландын хамгийн том арал, жаргалын орон Пукетыг зорино.

--

--

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

No responses yet