Инээмсэглэлийн орон Тайланд

Зүүн өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл 5

Luka Ganzorig
18 min readNov 27, 2019

Хоног: 5 шөнө 6 өдөр / Зардал: 240$ / Очууштай: Khao San Road / Идүүштэй: Pad thai, Tom yum kung / Брэнд хувцасны залилангаас болгоомжил

3/13 Лхагва

Өглөө эртлэн босч ус, багахан жигнэмэг цүнхлээд дараагийн улсыг зорив. Үүргэвчтэй аялалын маань ээлжит зогсоол бол Азийн колоничлогдоогүй хоёрхон улсын нэг болох Тайландын хаант улс (нөгөөх нь Япон).

Дунд сургуульд манай ангид 2 Тайланд байдаг байв. Хөөрхөн ааштай, найрсаг, байнга л инээж байна. Манай нутагт ирээрэй гэж их захина. Тэр цагаас хойш 15 жил өнгөрчээ. Одоо л тэр амлалтаа биелүүлэх нь гэж бодохоор сэтгэл догдлоно.

Хоёр улсын зааг дээр автобуснаас буугаад явганаар хил давав (Монгол хүн визгүй). Жуулчин ихтэй байсан тул цаг очерлов. Дунд нь 00 орох гэтэл 5 батт (400₮) гэж байна. Гүрийнээ.

Шалган нэвтрүүлэхэд паспортоо үзүүлтэл “Монгол юм уу, хэдүүлээ явж байна, яах гэж байна, цуг яваа хүн чинь хаана байна” гээд баахан шалгаав. 3 Монгол халаасны хулгайчийг хайж байгаам гэнэ. Бид хоёулаа байсан болохоор нээх удаасангүй.

Тайланд Камбожийг бодвол хамаагүй хөгжилтэй, дэд бүтэц сайн. Хурдны зам нь өргөн, цэвэрхэн. Замдаа Seven eleven сүлжээ орж бэлэн хоол авч картаар тооцоо хийх гэтэл 300 баттаас (25000₮) дээш дүнд л карт уншина гэнэ. Дахиад гүрийнээ.

Нар жаргахын алдад Бангкок хотын Хао Сан гудамны үзүүрт буув. Өлсгөлөн, далайн хоолноос залхсан жигинаги (жинхэнэ найз) бид 2 эргэлзэлгүй McDonalds орж чийз бургер идлээ. Олон хоног далайн жоом (shrimp) идсэндээ тэр үү духнаас хүйтэн хөлс урсах шиг л болов. Явдалдаа ядарсан бид “Хятад гудамж”-ны ойролцоо хямд буудалд ороод нам унтацгаалаа.

3/14 Пүрэв

Өглөөний мэнд Бангкок!

Буудлын ойр орчим, Wat Traimit алтан хийд, хятад гудамж үзчээд өөртөө итгэлтэйгээр хааны ордныг чиглэн алхаж байтал араас нэг нөхөр “Сайн найзуудаа, жуулчид уу? хаа хүрэх нь үү? өчигдөр мэдээ үзсэн үү? манай ерөнхий сайд Thai Factory-доо хямдрал зарласан, та хоёр хааны ордон үзэхийнхээ өмнө тэнд оч, та хоёр үнэхээр азтай байна, би такси дуудаад хямдхан яриад өгье, замдаа хэдэн хийд үзээд тэнд буу, ердөө 100 батт л болно” гээд маш эелдэгээр замчлав.

Буудлын ойролцоох барилгууд
Бангкокын арын гудмууд
Wat Traimit Withayaram Worawihan алтан хийд
Хийдийн оройгоос харагдах Бангкок хотын бизнес дүүрэг, наана нь орон сууц
Бангкокын Хятад гудамж

Картон цаасан дээр “Wat Sam, Laying Buddha=Happy money, Thai Factory” гэж бичээд бид хоёрыг түк түкт суулгаж өгөв. “Манай орноор сайхан аялаарай, та хоёр ийм ховор боломжоор ирж таардаг ёстой азтай залуус байна, аяны шар зам нь өлзийтэй байг” гээд гар хөл бариад сүйд. Ёстой нэг “босоо хийморьтой жинхэнэ Монгол эр хүн” гээд хэлүүлцэн юм шиг магнай хагарах шахав.

Wat Sam Ngam нэртэй жижиг хийд орж хэвтээ Буддагаас нь lucky money гуйлаа. Түк түкийн жолооч ингэж гуйвал баараггүй баяжина гээд яаж мөргөхийг сүртэй үзүүлэв. Нүд, харц, гараа хавсарсан энэ тэр Сарандаваа цаашаа. Хийдээс гараад “би 00 ороод ирье” гээд алга болов.

Wat Sam Ngam хийдийн хэвтээ Будда / Бурхны үйлдвэр

Зогсоол дээр байсан буян даасан том чихтэй ах яриа өдөв. “Хаа хүрч яваан? энэ хийдийг олоод ирдэг ёстой азтай лгайчууд юм аа, хэр баргийн жуулчид мэддэггүйшт, сайн залбирсан уу? одоо хаачхын? Аан Thai factory юу? мэднэ мэднэ, Prada Gucci Armani байнашдээ? тэр чинь бүгд тэнд үйлдвэрлэдэг юм, та хоёр ажилдаа хослол өмсдөг биздээ? заавал нэгийг аваарай, логогүйг авбал 5 дахин хямд, чанарын ялгаа байхгүй, та хоёр ч хиаамартай явна даа” гээд дахиад баахан магтуулав. “Манай ах Нью Йоркт ажилладаг, би эндээс нэг хослол явуулсан чинь америк найзууд нь дагаж захиад бөөн юм болсон” гээд ярьж дуусмагц манай жолооч буцаж ирээд “хаашаа явах уу?” гэв. Ахын үгэнд сэнхэрсэн бид 2 “Thai Factory явъя аа” л гэлээ.

Түк түк/ Автобус 9 батт (750₮) / Усны автобус 4 батт (350₮)

Явдалдаа жигинаги “Thai Factory” гээд гүүглэдтэл scam (залилан) болохыг мэдэв. Хэмх панаалдуулснаа ухаарсан бид хоёр хааны ордны ойролцоо “бууя аа” гээд бараг л үсэрч буулаа. Тэр чигээрээ явсан бол өдийд УБ-ын гудамжаар нэг нэг хулхи хослол шахцан хөтлөлцөөд явж байхгүй юу.

If it sounds too good to be true, it probably is.

Хэвтээ будда бид хоёрт lucky money өгөөгүй ч хулхидуулаагүйг бодоход сайн залбирсан бололтой. Хийморьтой л яваам байна гэсээр Wat Saket буюу Алтан уул хийд дээр ирцгээв. Энэ хийдийг одоогийн хаан угсааны анхдугаар хаан болох 1-р Рама сэргээн засч нэрийг нь өгснөөрөө алдартай. Манайхаар Зайсан толгой.

Алтан уулруу мацах замд

Өндөрлөг газар цул алтаар бүрсэн том суваргын оройд гарч Бангкок хотыг нилд нь ширтээд Тайланд улс ямар шашинлаг, олон хийдтэйг, соёл уламжлалаа хадгалж үлдсэнийг мэдрэв. Колоничлогдоогүй болохоор ийм олноороо үлдсэн байх. Манайх 800 гаруй хийдээ галдаж шатаагаагүй бол ийм л байх байсандаа…

Алтан хийдийн суварга / Хийдийн дээвэр
Уулын оройгоос

Уулын бэлд Golden Mountain Kitchen нэртэй жижиг хоолны газар байдаг. Гайхмаар хямд. Уйлмаар амттай. Бас болоогүй уух юм нь хязгааргүй. Тогооч аниа ааш сайтай. Том ям күн шөлнөөс хоёрыг шарсан банш мөстэй цай аваад хагартлаа цадав. Ингэж идээд 4000₮. Буян нь дэлгэрсэн сайхан газар байна. Хэвтээ Будда-гийн хүч үнэн юм. Арьяа баала арьяа баала

Хоолны газрын эсрэг талын мужааны цех / хийдийн сийлбэр
Уулын бэл дэх Wednesday Budda Temple, бас л алт

Гэдэс гарсан бид хоёр хааны ордон үзэхээр алхав. Хотын төвд, Chao Phraya голын эрэг дагуу байрлах энэ ордон музейн анхны өргөө 1782 онд баригдсан. Хаан бүр өөрийн эриндээ шинэ өргөө нэмж барьсаар 24.4га хашаандаа өчнөөн олон барилгуудтай болжээ. Уламжлалт, классик, холимог шийдэлтэй орднуудын ханыг шил толиор бүрсэн нь нарны туяанд гялалзаад чамин ганган.

Хааны орднууд
Хүндэт харуул / Бас нэг ордон
Ордны дотор

Сүүлд мэдээгээр өөр 3 монгол эндээс хааны эрдэнэ хулгайлж баригдаад хэвлэлээр баахан бичигдэж билээ. Гэснээс хил дээр эрэн сурвалжлагдаж байсан 3-ын нэг нь манай Унана Энэрэлтэй цуг Sweet, Badgucci дууг дуулсан Infinity Mue буюу И.Мөнхбаяр гэгч этгээд байсан байна лээ. Тайландын цагдаагийн хэлтэс клипийг нь телевизээр цацаад монголын алдартай дуучин нь хүртэл хулгайч гэхийг хараад ёстой л бөгс улайх шиг болсон. Энэ оны 3, 4 сард нийтдээ 9 монгол хулгайн хэргээр баригдсан гэсэн. Нүдний булай.

Угаасаа хулгай хийх зорилгоор явдаг ийм бүлэг хүмүүсээс болж олон орны визний босго өндөр болсон байдаг. Гадаадад хулгайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн паспорт авах эрхийг нь хэдэн жилээр хасч тухайн орнуудад мэдэгддэг болмоор юм. Ээ тэгээд дипломатууд нь хар тамхи зөөгөөд явахаар ямар ч улс итгэдэггүй байхдөө. За тэр яахав.

Хааны ордноос гараад Тайланд цам үзэхээр жуулчны автобусанд суув. Баг, хувцас, гартаа барьсан зэмсэг нь манайхтай их төстэй. Улс бүрт шашин өөр өөрөөр хувьсан өөрчлөгддөг ч ерөнхий хэлбэр агуулга нь адилхан байх юм. Цагаан өвгөн, буга, улаан ногоон багтай сармагчин бүгд байв.

Театрын үүд/ Тайланд цам харайлт

Уншигч та 21 нас хүрээгүй бол 3/15 Баасан хүртэл алгасана уу. Дахин хэлье. Алгасна уу!

Өдрийн үзвэрээ дуусгасан бид хоёр Patpong орж том хүний Ping Pong Show үзэхээр явцгаав. Дэлхийд зөвхөн энд л үзэх боломжтой гэж байгаам. Уушийн гудамжаар алхахаар “манайд ор, пин пон шоу байна, үнэгүй үз, пиво 100 батт” гээд тал талаас чангаана. Үзэж байгаагүй болохоор таарсанлуу нь л яваад оров. Үнэ бичээгүй меню өгөв. За яахав гээд Chang (заан) пиво захитал ширээний хүүхэн гэмээр 5, 6 хүүхэн виски шиг бор хүрэн өнгийн уух юм баахныг барьж ирээд тулгаж ууя гэв. Юу гэдгийг нь мэдэхгүй, уучвал баахан мөнгө нэхнэ байх гэж бодоод буцаав. Хөгжим хангинаад шоу эхэллээ.

Пин пон шоуг товчхон тодорхойлвол “тайчих урлаг+цирк” байх. Гэхдээ хүнд зэрэглэлийн. Тайзан дээр нүцгэн бүсгүй “муужгайн” дотроо ширээний теннисний бөмбөг хийгээд үзэгчидрүү буудна. Үзэгчид ракетаар хариулж цохино. Бид хоёр шоконд ороод юун цохихтой манатай. Хажуу ширээний 3 шар залуу мундаг харилцана. Бөмбөг дуусмагц 3 давхар бялуу гаргаж дээр нь лаа асаав. Өөр нэг бүсгүй муужгайндаа соруул хавчуулаад үлээж унтраав. Зарим нь лааны дөлөнд муужгайгаараа янжуур сорж, таазнаас шаар өлгөөд үлээвэр зүүгээр буудаад хагалж байх юм. Тэр ч бүү хэл шилтэй пиво муужгайгаараа онгойлгов. Би шүдээрээ барахгүй байхад юу гэсэн үг вэ.

Тайланд муужгай ягаан биш цагаан биш бяртай байдым байна. Хамгийн сүүлд нь банана хавчуулаад буудаж үзүүлээд дахиад бөмбөгөө гаргаж ирэв. Ах эгч нарын яриаг сонсоод чих алт болдог бол энэ шоуг үзээд нүд алт болов. Ам ангайж эрүү мултраад авсан пивоо ч ууж амжсангүй.

Зөвхөн шоу нь айхтар биш. Шоун дундуур нэг хүүхэн хажууд ирээд “үлээдэг ажил” хийгээд өгье, 00 оръё, 1000-хан батт ш дээ (80,000₮) гээд зодох нь холгүй чангаана. Тоохгүй байнгуут дараагийн бүсгүй ирээд жижиг ууттай цагаан өнгийн нунтаг нүдний өмнө сэгсрэнэ. Түүнийг ч бас тоосонгүй. Сүүлд нь баргил хоолойтой lady boy ирээд hello cute boy, цуг гаръя, хаана байрлаж байгаан гээд одбаярдахад нь цочсондоо бараг л цохичихсонгүй.

Шоу дуусмагц менежер бололтой бүдүүн авгай бид хоёрыг анх удаа үзэж байгааг гадарлацан текэн дээр ирж тооцоогоо хий гэв. Пивоо дуусаагүй байнаа дуусгаад очъё гэсэн авч хэлэлцсэнгүй. Шоу үнэгүй, уух юм 100 батт гэсэн өө харин эхний уух юм 300 батт, шоу хүний 1000 батт, нийт 2600 батт (215,000₮) нэхэж байна. За ёстой ингэж хулхидуулахгүй гээд хэл мэдэхгүй ч хэрэлдэж гарлаа. Аниа жуулчдыг саагаад бүр сурцан загнаж байгаад төлүүлчих санаатай. Би ч юу гэж бууж өгөхөв текэн дээр нь 600 батт тавиад шууд гарлаа. Араас “Вэи Сад Ихияа Алааи” гээд нутгийн хараалаа харамгүй урсгасаар үдэж өгөв. Ердөө цаг хүрэхгүй хугацаанд тайланд муужгайн авъяасыг үзэж, анх удаагаа үлээдэг ажил хийлгэсэнгүй гэж загнуулж, эр эм нь мэдэгдэхгүй хүнд одбаярдуулж, хар тамхи гээчийг нь нүдээр үзэж, тайланд авгайтай хэрэлдээд амьдралын level 10-аар нэмэгдэв.

Буудалдаа хариад алтан нүдээрээ Бангкокын шөнийн гудамжны талаар хэсэг гүүглэдэв. Вьетнамын дайны үед Америк цэргүүд Меконг мөрний эрэгт байлдчаад Бангкокт ирж амардаг байж. Дараа амьд ирэх баталгаагүй 18, 19 настай цэргүүд юу эсийг хийхэв идэж ууж наргиж цэнгэнэ. Энэ үеэс тайландын секс салбар хөгжиж Soi cowboy, Patpong, саяхнаас Nana plaza зэрэг улаан дэнлүүний гудамжууд үүсчээ. Дэлхийн ягааны гудамжны блогт Тай хүүхэн худалдаж авахад газарт нь 700 батт, өөрт нь 1500~3000 батт төлдөг гэсэн байв. Энэ салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 12%-г эзэлдэг гэсэн судалгаа бас уншив. Жилдээ 40 тэрбум $ гэхээр манай улсын нийт ДНБ-ээс 4 дахин их юм. За тэр яахав, цэнхэр эрүүтэй lady boy зүүдэнд орж ирэхвий гэсэн айдастайгаар унтлаа.

3/15 Баасан

Зээ өнөөдөр хоёр найзтайгаа уулзахаар Pattaya хотыг зорино. Газар мэдэхгүй ч интернет SIM байхад учраа олох байлгүй. MTR буюу метрогоор Hua Lamphong-с Sukhumvit, тэндээсээ BTS буюу гүүрэн метрогоор Asok-с Ekkamai оров. Тэндээс орон нутгийн микроор 4 цаг явж Паттаяад хүрлээ. Нийт 150км-г 174 батт (15,000₮)-аар туулсан гэхэд давгүй шүү. Орон нутгийн автобус A/C-тэй A/C-гүй микро том жижиг гээд сонголт ихтэй. Нийтийн тээвэр янз янзаараа хөгжжээ.

Метроны зоос/ Гүүрэн метроны карт / Орон нутгийн микро (цайны дээжээ өргөсөн бололтой)

Эрэг дээр зөөлөн салхи сэвэлзээд нар хэвийжээ. 2 найзын ажил тарахыг хүлээн модон шалтай саравчинд мөстэй кола уунгаа хэсэг амрав. Далай дээр тоймгүй олон завь, хөлөг онгоцууд дээш доош хөвөлзөнө. Эсрэг хүйстэй, ижил хүйстэй, хөгшин залуу, ази европ янз бүрийн хосууд хөтлөлцөөд алхана. Хайр олон төрөл байх юм.

Паттаяан далайн эрэг / The glass house beach front restaurant

Удалгүй найзууд маань ардаа ачаатай Toyota Hilux машинаар ирж авав. Бидний байсан газар Pattaya Walking Street нэртэй шоуны гудамж байсан тул чимээ багатай газар хоол идэхээр очсон нь эрэг дагуу байрлах The Glass House Beach Front Restaurant байлаа. Хэрвээ уншигч та Паттаяад очвол тух нь дэндсэн энэ газар заавал очоорой.

Арслантай, Заантай пиво (монгол пивийг гүйцээгүй) / Нугасны далавч
Тай үндэсний хоол (янзын гоё) / Сүүлийнх нь мэлхийний хуурга

Хөрслөг бор арьстай өндөр нуруутай Жак хөл бөмбөгийн багт дасгалжуулагч. Шар царай сартгар хамартай Биа Японы Макита брэндийн Тайланд дахь үйлдвэрт хэлтсийн даргаар ажилладаг. Бидний яриа багын дурсамжаар эхэлж Монгол тамирчин эдний лигт тоглож байсан талаар, ид өрнөж буй УИХ-ын сонгууль, цэргийн засаглал хангалтгүй ажиллаж байгааг гээд байж болох бүх л сэдвээр өрнөв.

Хоёр найз эх орноо ярихдаа нүд нь гэрэлтэж ирээд хичнээн сайхан ирээдүй хүлээж байгааг ам уралдана. Юун Япон Солонгос манайх 20 жилийн дараа тэднийг гүйцнэ. Цэргийн засаглал шог байгаа ч сонгуулийн дараа зөв журмандаа орно. Манайд Toyota, Ford-оос авахуулаад гадны том том компаниудын олон үйлдвэр байна. Олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолж байна гээд бахдалтай ярьцгаана.

Хоол дуусч Биа тооцоо хийтэл Жак одоо би дайлна гээд зам дагуу эгнэсэн олон лангуун дээр дагуулж очив. Халуун ногоотой мэлхийний хуурга, юу гэдгийг нь мэдэхгүй ч далайн гаралтай хоол бас захиалав. Өмнөх газар цадталаа идсэн ч оюутан хүн хоолноос юу гэж татгалзахав, чихэж өгөв.

Цаг оройтож харьж амрахаар болтол Жак манайд хоно гээд дагууллаа. Тэр хотын төвөөс жоохон зайдуу байрлалтай хаус хотхонд амьдардаг. Одоохондоо ганцаараа. Эхнэр нь нийслэлд ажиллаж байгаа. Үүдэндээ Honda маркын хөнгөн тэрэг, Yamaha мотоцикл тавьжээ. Гэрт нь ороод хананд өлгөсөн жаазтай зургуудыг сонирхтол үс хөмсгөө хуссан улбар шар өнгийн ламын өмсгөлтэй түүний зураг нүдэнд тусав.

Учрыг асуутал “Эцэг эхийн ачийг хариулах сар” гэдэг Тайландын уламжлалт арга хэмжээнд явахдаа авахуулсан зураг гэнэ. Айлын хөвгүүд нас бие гүйцмэгц гэрээсээ гарч хийдэд очин урт даавуугаар биеэ ороогоод ном судар уншиж, хийдийн хар бор ажлыг хийн бясалгал үйлдэн буддын ухаанд суралцдаг гэнэ. Энэ хугацаанд ар гэрийн эргэлт байхгүй бөгөөд мөнгөгүй учраас сүсэгтэн олны өргөл барьцаар л амь зогооно.

Бясалгал хийх хугацааг залуус өөрсдөө шийдэх ба голдуу 1 сар байдаг. Эцэг эхийн ач тусыг хариулах гэдэг нэртэй боловч энэ зан үйлийн гол зорилго нь хүн ганцаараа амьдардаггүйг, нийгэм дэм дэмэндээ тогтдогийг залууст ойлгуулахад оршдог гэж тайлбарлав.

Жак 100м2 хаусаа 70,000$-р авсан. Дараа жил зээлээ төлж дуусахаар Монголд очиж морь унаж өвлийн хүйтэн, цав цагаан тал нутгийг үзнэ тосоорой гэсээр бидний яриа өндөрлөж унтацгаалаа. Ирэхээр нь сайхан дайлна аа.

3/16 Бямба

Борооны чимээнээр сэрэв. Хувингаар цутгах шиг асгарна. Нойрмог гурван залуу шөл олж уухаар гарцгаалаа. Гахайны дотор, нөж, нарийн ногоотой халуун шөл авсан ч хэт халуудаад орсонгүй. Жак амаа олохгүй иднэ. 9-с бэлтгэлтэй гээд автобусны буудал дээр салах ёс хийцгээв. Бороондоо ч тэр үү баяртай гэсэндээ ч тэр үү сэтгэл нэг л бүрхэг. Микронд суугаад нийслэлийг зорив.

Хот орсон тэнгэр дагаж дотор цэлмээд сайхан болчихлоо. Хятад гудамжнаас холгүй урсах Бангкокын хамгийн том гол Chao Phraya-гийн эргээс хотын төв орох усны автобусанд суув. Бангкок нь Венец, Амстердам, Токиогийн адил усан хот бөгөөд өнөөг хүртэл усан замын нийтийн тээврээ хадгалж үлдсэнээрээ цорын ганц юм.

Усны автобус / Голоор давхих завь
Чао Фраяа голын эрэг дагуух барилгууд

Усны автобус тун дажгүй. Хурдан ч юм. Бангкокын замын түгжрээ УБ-ыхаас хүнд болохоор олон хүн усаар зорчдог. Зэрэгцээд express, local гээд янз янзаараа давхина. Завин дээр нэг Монгол ахтай таарав. Хөгшинөө эмнэлэгт үзүүлэхээр ирсэн гэнэ. Бүтэн биеийн шинжилгээ 500~700$ болдог ба визгүй болохоор амар юм, Монголд олдохгүй байсан онош нь энд олдоод шууд хэвтүүлээд санаа амарлаа, жоохон хот үзэх санаатай явж байна гээд хэсэг буу халав. Хатуу хорвоо юмдаа. Монголын эрүүл мэндийн салбарыг бурхан өршөөг.

Эрэг дээр буугаад Тайландын хамгийн эртний хийд их сургууль болох Wat Pho-г үзэв. Буддын ухаан, одон орон, гүн ухаанаас авахуулаад Тай массаж хүртэл заадаг байсан гэнэ. 16-р зуунд баригдсан өвөрмөц барилгуудтай энэ газар өдгөө музей болон үлдэж дэлхийн аялууштай жагсаалтын 17-д бичигддэг гэнэ (200 батт, 17500₮). Хамгийн оргил үзвэр нь 46м урттай алтан Будда. Хэвтээ л болохоос манай Жанрайсаг.

Хэвтээ будда / 10 хуруу тэгш хөл нь (Охидууд 10 хуруу тэгш залуугаа энд ирж хараарай)
Wat Pho-гийн хашаанд / Муур нь хүртэл хэвтээ (Манайх босоо хөх Монгол гэдэг бол эднийх хэвтээ бор Тай гэдэг байх)

Кампусаас гараад голын нөгөө эрэгт гарч Wat Arun, Thonburi Palace үзлээ. Бас л нарийн чамин хийцтэй юм. Арай л их бурхан шашны газраар яваад арай л их зальбирчихлаадаа гээд гараа харсан хуруунууд тэгшрээгүй байна шүү золиг гэж.

Wat Arun

Бараг сахил хүртсэн бид 2 буцаж гол гатлаад Хао Сан гудамж оров. Ил гал дээр хийх хоолны үнэр, инээсэн ханиасан хүмүүс, машингүй гудам, гар урлалын жижиг дэлгүүр ихтэй бүр нэг байгаад баймаар орчин нь Ханойн Old Quarter шиг. Энд буудал захидаг байж. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л амьдрах сайхан гэдэг шиг Хао Санд паттай идэж пиво уугаад зүгээр л сайхан суужиймаар юм. Ай life аа гэж.

Хао Сан гудамж

Гэсэн ч бид 2 бургер идэв. 3 дараалж Тай хоол иднэ гэдэг чинь найрны 3 дуу наадмын 3 даваанаас хэцүү эд байна. Бургердчээд Saigon-д таарсан ангийн анд Victor-той уулзахаар Бангкокын анхны шөнийн гудамж Soi Cowboy-г зорив. Хятадаар аялаад ирсэн түүнтэй аяны сонин ярилцан аяга пиво уух санаатай очсон ч сонгууль гээд архи зарахгүй гэнэ. Чөтгөр алгад гэж. Бурхан чи Монгол оюутны цангаанд цадах болоогүй юу?

Тайланд сонгуулийн сурталчилгаа. Та нарыг жаргаанаа л гэж байна лээ. Сонгуулийн дараа хог болоод хөглөрөх нь манайхтай адил.

Архигүй бол кофе уу гэж өвөг дээдэс маань эртнээс хэлдэгдээ. Hollys Coffee-д орж охидууд шиг кофе кейк аваад хов базав. Хятадын 5 мужаар яваад ирсэн Виктор хамгийн сүүлд Чэндү хот орсон гэнэ. Яасан ч арвин түүх соёлтой юм, ямар ч хурдан хөгжиж байгаам гээд нүд нь орой дээрээ гарчаад иржээ. Үнийн хувьд Вьетнамаас ялгаагүй. Хот хооронд унтлагын вагоноор явбал хэмнэлттэй бас амар байдаг гэнэ. Хоол бол ярих юмгүй. Хамгийн догь нь Хятад клубт шар үстэй цэнхэр нүдтэй бол үнэгүй оруулдаг гэнэ. Уух юм нь хүртэл үнэгүй. Зүгээр л дайлна. Хятад залуучууд гадаад хүн ордог бар, клубыг зиндаа дээгүүр гэж боддог болохоор юм байх. Ингэж сонсоод ази царайтай болж төрсөндөө харамсав. Хорвоо чи навтгар хамар намхан биетэй залуусын нулимсанд цадах болоогүй юу?

Харих замдаа хальт харсан Muay Thai Box / Бангкокын түгжрээ

3/17 Ням

Өнөөдөр энэ бүгчим халуун хотыг үзэх сүүлийн өдөр. Усны автобусандаа суугаад хотын төврүү үндэсний түүхийн музейг үзэхээр явлаа. Ирсэн өдрөө үзэх ёстой ч яадын тэ. 1874 онд баригдсан 10 барилгатай тус музейг 4 цаг үзэв (200 батт, 17500₮). Барагдахгүй их түүхтэй улс юм. Түүнийгээ ч сайн үзүүлж.

Эрт үед Siam гэгддэг байсан Тайланд нь одоогийн Камбож буюу Хмерийн эзэнт гүрний нэг хэсэг байсан ба бичиг үсэг шашин соёл зүс царайны хувьд төстэй. Хмерийн мулгуу хаадууд улс орноо самарч байхыг ашиглаад 14 зуунд өрх тусгаарлан Ayutthaya гүрнийг байгуулжээ. Зүүн талд Хмертэй, баруун зүгт Burma буюу одоогийн Мьянмартай үзэлцдэг байж. Бирмийн нийслэл Bagan нь одоо ч байдаг эртний гайхамшигт хотуудын нэг. Баган Аюутхаяа хоёр хүч тэнцүү байсан ч Тай-ууд нэгэн цагт дийлдэж нийслэлээ урагш нүүлгэсэн нь өнөөгийн Бангкок аж.

Түүнээс хойш цэцэглэн хөгжиж 19-р зуунд Буржуазиягийн түрэмгийллийн эсрэг Британи их буугаар үзэлцэж ялснаар колони бололгүй үлдсэн байна (Тайландаас баруун зүгийн улсуудыг Англи, зүүний улсуудыг Франц колоничилж байсан).

Түүхээс гадна хаадуудын эдэлж хэрэглэж байсан гоёл чимэглэл, машин тэрэг, хувцас хунараас авахуулаад үндэсний гар урлалын гайхамшигт бүтээлүүдийг үзэх боломжтой. Бүгдийг нь бичвэл уншигч таны ирээдүйн аялалын садаа болох тул ингэсхээд орхиё.

Үндэсний түүхийн музейд (Гандангийн оройд байдаг буга, хоролтой маш адилхан) / Бурхан багш
Хаадын уналга (Хааны хамгаалагчийг Гаруда буюу манайхаар Хангарьд гэдэг)

Музейгээс гараад ямар ч эргэлзээгүйгээр Хао Сан гудмыг зорьж эргэх шахсан тавхайгаа амраахаар хөлний массаж хийлгэв. Ээ гэгээн дарь эх минь диваажинд очоод ирсэн юм шиг л болов (40 минут 150 батт, 12500₮). Массаж хийлгэсэн бол юм ид гэж Монголчууд эртнээс хэлдэгдээ. Хоол эргүүлэхээр задгай лангуунуудыг сонжив. Нэг эмээ ил гал дээр Pad Thai шарна. Хэдэн арван жил хийсэн царайтай. Духны хөлс нь бөнжигнөөд үрчлээг нь даган урсана. Хүзүүндээ тохсон алчуураараа хөлсөө арчаад амаа жимийн тогоогоо сэгсэрнэ.

Сайхан паттай олдвол алдаж болдгүйм шүү гэж хэвтээ будда чихэнд шивнэх шиг болоод шууд авч идэв. 2000₮-ний аз жаргал байдаг юм байна (25 батт). Алтан уул сүмд идсэн том ям күн шөлийг ээжийн лапша гэвэл энэ паттай аавын цуйван юм. Эр хүний жаргал эзгүй хээр гэж хэн хэлснийг мэдэхгүй ч тэр лав онцгүй нөхөр байснаас гарцаагүй. Эр хүний жаргал бол амттай хоол юм.

Шөнийн Хао Сан гудам / Johnnie Walker / Шарж буй өвчсөн матар (эвгүй эд байна лээ)

Уншигч бүсгүйчүүддээ зориулан Бангкокын shopping street-үүдийг товч танилцуулая. Хамгийн том, тансаг дэлгүүрээс дэлхийн болон орон нутгийн алдартай брэндийг авъя гэвэл BTS шугамын Siam өртөөнд байрлах Siam Discovery, Siam Paragon, Siam Square, Central World-ыг зориорой. Бүтэн өдөр явсан ч барагдахааргүйм байна лээ. Мөн Asok-ын Terminal 21 боломжийн. Харин лангууны барааг навс ярьж бөөнөөр нь авъя гэвэл шөнийн цагаар Patpong Night Market, хагас бүтэн сайнаар Chatuchak Weekend Market орууштай. Лангууны задгай хоолноос сэжиглэдэг бол mall-уудад хооллохыг зөвлөе. Үнэ гайгүй, цэвэрхэн, амт дажгүй бас сүлжээ ресторан ихтэй.

BTS буюу гүүрэн метро
Бангкок хот маш уран, орон зайн creative шийдэлтэй санагдсан.
Siam Discovery
Terminal 21
Mall-ын хоол

3/18 Даваа

Өнөөдөр үүргэвчтэй аялалынхаа 4 дэх улсыг зорино. Буудлын хажуунаас вагонд суухаар билет автал 5 батт гэнэ (500₮). Тайландын хамгийн хямд нийтийн тээвэр бололтой. Хуучин нисэх Don Mueang хүртэл 30 минут явав. Эндээс бид хоёр Мьянмарын эдийн засгийн төв, Янгон хотруу ниснэ. Бангкокыг 4 хоног үзсэн ч ер ханасангүй. Сэтгэл хоргодоод “дараа заавал ирнэ” гэж өөртөө амлаад онгоцондоо суулаа.

Тайландын галт тэрэг

--

--

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

No responses yet