Вьетнам, Ханой.

Зүүн өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл 1

Luka Ganzorig
25 min readMay 18, 2019

Нийт хоног: 4 шөнө 5 өдөр / Нийт зардал: 300,000₮ / Очууштай: Ха Лон тохой / Идүүштэй: Xofa Cafe-д Обама бунча

Наритагаас 6 цаг орчим нисч хүрэв. Японоос 2 цаг, Монголоос 1 цагийн зөрүүтэй ба нутгийн хойд хэсэгт оршдог учраас Зүүн өмнөд Ази дотроо харьцангуй сэрүүхэн. 3300км2 газартай 8 сая оршин суугчтай 40 тэрбум $-ын эдийн засагтай (УБ 4700км2, 1.4 сая, Монгол улс 10 тэрбум $).

Ной Бай ОУ нисэх буудал жилдээ 12 сая зорчигч хүлээн авдаг нэлээн том буудал (Буянт Ухаа 1 сая орчим). Визтэй, дээр нь зөвхөн үүргэвчтэй байсан тул гялс гадаа гарав. 100$ солиулахад 2.3 сая Донг бөгөөд ₮-өөс 10 дахин сул ханштай. 14 хоногийн жуулчны SIM card 20,000₮ гээд дажгүй үнэтэй боловч, аялалын турш интернет бараг хэрэглэхгүй гэж шийдсэн байсан тул авсангүй. Ченжээс хотын төв орох автобус асуутал хүмүүс таксигаар явдаг, таксинд суу гээд таньдаг жолоочдоо “шахах” гээд байсан учир хамгийн ойрхон автобусны буудалруу алхлаа.

Нисэх орчмын зам дагуу алхаж байхад зуны халуун өдөр УБ-ын 100 айлаар алхаж байгаа мэт сэтгэгдэл төрж нэг л дотно санагдав. Тэгж санагдсанаас болсон уу дэлгүүр үйлчилгээний газруудын хаягийг уншаад ойлгохгүй ч “Вьетнам засвар”, “Кузов засвар” гэж уншигдаад болсонгүй.

Зам дагуу бараг 10 алхам тутамд нэг Pho шөлний гуанз таарна. Тэдний нэгээс 700₮-өөр цэвэр ус авч, 20 орчим минут алхаад нисэхийн эцсийн буудалд хүрэв. Буудал дээр хүн, автобус аль аль нь их байх ба замын хажуугаар хижээл насны ах нар скүүтэрээ (мотопед) тулаад буу халан зогсоцгооно. Автобуснаас буух хүмүүсийн зарим нь сундлуулаад цааш явахыг харахад “халтуур” хийдэг ах нар бололтой. Нэг буянтай царайтай ахаас 58 дугаартай автобус хотын төв ордогийг мэдэж аваад хүлээх зуураа хүмүүсийг ажиглаж суутал нөгөө ах “хаанаас ирсэн, юу хийж яваа юм, яах гэж байгаан” гээд баахан юм асууж гарлаа. Аялаж явна, оюутан байна, Монголоос ирсэн гэтэл өмнө нь сонсож байгаагүй бололтой Монгол гэж ямар улс байна, хаана байдаг юм гээд нэлээн сонирхож байна. Хагас хугас англи хэлээрээ ойлголцоод юу юугүй найзууд болж байтал 58 дугаар ирж ах бид хоёрын яриа өндөрлөв.

Ханойн нийтийн тээврээр “ард түмэнтэйгээ” хамт хотын төвийг чиглэв. Манайх шиг картын системгүй болохоор ягаан дүрэмт хувцастай кондуктор хүн бүрээс 900₮ хураана. Нэг суухад хаа ч хүрсэн адил үнэтэй. Автобус дотроо маш цэвэрхэн бөгөөд Вьетнам залуус настай хүнд байнга суудал тавьж өгнө. Эцсийн зогсоол Га Лонг Биэн хүртэл 40 минут явав. Буудлаас хонох газар хүртлээ 10 минут алхав.

Зочид буудлын нэр Бабилон Гарден. Booking.com-оор захисан энэ буудалд 4 шөнө 5 өдөр байрлах ба өглөөний цайтайгаа нийт 52,100₮ болж check-in хийхдээ тооцоогоо хийв. Хямдхан буудал гэхэд ажилчид нь маш найрсаг, 1 давхартаа жижиг бассейнтай, киноны өрөө, бар лаунж, дээвэр дээрээ террас бүхий хоолны газартай. Орой 6–8 цагийн хооронд байрлаж байгаа хүн бүрт 1 шил пиво үнэгүй өгнө. Миний сонгосон өрөө давхар ортой нийт 14 хүн байрлах боломжтой. Надтайгаа таарсан үүргэвчтэй аялагчид голдуу байлаа. Үнэгүй wifi, хүн бүр цоожтой шүүгээтэй, дундаа ариун цэврийн өрөө, душтэй. Тэр нь бүр шампунь савантай. Гэр бүлийн, хосын гээд өөр өрөөний сонголтууд ч хямд үнэтэй санагдав. Маш хямд үнээр ийм тохилог буудал олсондоо олзуурхангаа ачаагаа янзлаад хувцасаа солиод хоттой танилцахаар гарлаа.

Буудлын лобби
Лаунж, Нэг Англи залуутай фүүсбол 3 тоглож 3 хожигдсон. Дараа таарвал даагаа нэхнэ гэцэн байгаа.
4 хонохдоо нэг ч ороогүй бассейн.

Анхны өдөр.

Ханой хот бол скүүтэрийн хот юм. Жолооч бүр сигналаа хангинуулаастай. Гэрлэн дохио явган гарц бараг байхгүй. Байдаг газар нь хэн ч дүрмээ барихгүй. Явган зам нь тэр чигээрээ скүүтэр эсвэл үйлчилгээний газруудын жижиг хуванцар сандал ширээгээр дүүрээд алхах зайгүй. Цахилгааны утас гэрлийн шон дээр ширэлдэнэ. Барилгууд голдуу 3–6 давхар жигд өндөртэй ба гудамж бүр өндөр ургасан сайхан мододтой. Борооны усны хаялгыг маш сайн хийсэн тул тогтоол ус ер таарахгүй. Эдгээр нь Францын колони байсан улсуудын хот төлөвлөлтийн онцлог юм. Англи улс Азийн хотуудад төмөр зам, өргөн чөлөө, барилгын классик загварыг нэвтрүүлсэн бол Франц нь цэвэр бохир усны төгс шийдэл, гоёмсог мод бүхий гудмууд, хотын төвд байрлалтай том цэцэрлэгт хүрээлэнг нутагшуулсан гэдэг.

Ханойн төв хэсэг
Социалист орон болохоор хаа сайгүй далбаа нь өлгөөтэй.
Явган зам бол хооллох талбай юм.

Явган хүний зам зайгүй болохоор хүмүүс авто замаар алхана. Хажуугаар скүүтэр сүнгэнээд аюултай боловч ямар ч байсан ирээд мөргөчихгүй. Нутгийн хүмүүс бол сурамгай алхана. Хуучин социалист орны хүү байнадаа би ч бас юугаараа дутахав гээд УБ-ын зам дээр сурсан эрдмээ гайхуулаад нутгийн индиануудаас дутахгүй алхаж гарлаа. Ер нь бол 30 минут алхахад дасах юм байна лээ.

Оройн хоолны цаг дөхөөд онгоцонд идсэн онцгүй паста аль хэдийн шингэсэн болохоор хоол хайнгаа гудамж метрлэлээ. Өдрийн хоол идээгүй оюутан өлбөрч үхэх гэж байгаа ч олигтой юм идэхгүй бол шөнө гол харлаад унтаж чадахгүй гэж бас бодогдоод таарсан газраа шууд оролгүй голж шилэн алхав. Буудлын залуу “Old Quarter” орвол гарцаагүй сайхан фо шөл ууна гэсэнд найдаад google map-аа байн байн шалгав. Жоохон алхаад хүн хөл ихтэй, дараалсан олон хоолны газартай нарийн гудамруу яваад орсон нь old quarter байлаа. Жуулчин ихтэй, скүүтэр багатай энэ гудамжны гуанз болгон урдаа олон хэлээр ярьдаг нэг залууг зогсоосон байна. Тэр залуу нь ёстой л урдуураа улаан хөлтийг алхуулахгүй гэдэг шиг “амттай хоол байна, манайд ор, Obama Bun Cha байна, ахаа, найзаа, хайраа” гээд торгоож гарна.

Тээр жил Обама Вьетнамд айлчлахдаа Америкийн тогооч, хөтлөгч Anthony Bourdain-тай хамт энэ гудманд байрлах энгийн нэг гуанзанд орж хүйтэн пиво шимэнгээ бунча идсэн нь мэдээгээр олон гарсан байдаг. Бунча нь чихэрлэг соусанд шарсан гахайн махтай фо гоймонтой шөл юм. Хоёулаа нэг нэг пиво, нэг нэг бунча, бас бус юм аваад цадталаа идэхэд нийт 6$ болсон нь барууны орнуудын сонирхлыг ихээр татаж, Вьетнамыг зорих жуулчдын тоо жил бүр 15%-иар өсөхөд нөлөөлсөн юм. Гуанзны эзэн хоёр зочны хоолоо идсэн аяга таваг, пивоны шилийг хоргонд хийж хадгалсан байдаг. Обама бунчаг амссан даруйдаа “This is a killer” гэснээр энэ хоолны нэр зүгээр бунча биш “Обама бунча” болсон түүхтэй. Би гэхдээ өнөөдөр энгийн нэг газар орж 5000₮-р фо шөл идэв. Уг нь сайхан шөл юм даан ч шинэхэн хонины яс чанасан гурилтай шөлийг минь яаж гүйцэхэв дээ ай хөө зэ хөө.

Old Quarter
Фо идсэн гуанз
Tom Jerry хоёрын уушийн газар

Ханойд бас манайх шиг шөнийн гудамж байх ба үүнийгээ Night Market гэнэ. Баасан гарагаас Ням гараг хүртэл орой 6 цагаас шөнө дунд хүртэл гудамжнуудаа явган зорчигчдод зориулж замын хөдөлгөөнийг хаана. Төв зам дээр зөөврийн лангуу олноороо гарч хоол хүнс, хувцас хунар, цахилгаан бараа, бэлэг сэлт дурсгалын юм гээд янз бүрийн юм зарна. Зөвхөн жуулчид гэлтгүй нутгийн хүмүүс ч олноороо ирж залуучууд тэвэг тоглож, 10 жилийн хүүхдүүд flash mob бүжиглэж, агаа нар пиво ууж, аниа нар олуулаа нийтийн бүжиг бүжиглэнэ. Манайхаар задгай цагаан юм уу даа. Циркийн үзүүлбэрээс авхуулаад уран бүтээлчид жүжиг, харин залуус үндэсний болон орчин үеийн амьд хөгжим тоглоно. Ёстой л нэг амьдрал буцална. Замын хажуугаар жуулчдын тухлах тохилог кафе, зураач, дизайнеруудын чамин бүтээлийг боломжийн үнээр зарах гоёмсог дэлгүүрүүд тасралтгүй үргэлжилнэ. Вьетнамын түүх соёл, онцлогыг орчин үеийн урлагтай хослуулсан сэтгэл татам гар зураг, фото зураг, баримал, модон сийлбэр, шаазан эдлэл маш олон байна. Том чемодантай явж байсан бол шохоорхоод авмаар санагдаж байлаа.

Хэсэг алхаж байтал гэр бүлээрээ аялаж байгаа 4 Монгол хүнтэй таарч мэнд усаа мэдэлцэв. Би ер нь гадаадад нутаг нэгт хүмүүстэйгээ таарахаараа өөрөөсөө очиж мэндэлдэг зантай. Зарим нь уриалгаханаар сайн уу муу юу гээд өнгөрөх ч талаас их хувь нь нэг л жийрхсэн байдалтай хялам хийгээд өнгөрнө. Өнөөдрийнх харин сайхан улсууд байлаа. Нутаг минь хүүгээ гэсэн юм болов уу даа.

Шөнийн гудмаар тултал алхтал юу юугүй өлсөөд эхлэв. Будаа буруу харахад шингэнэ гэдэг, фо ч бас ялгаагүй юм байна. Будаагаар зуурсан гоймон болохоор ялгаагүй байдаг биз. Харих замдаа ходоодоо зогоохоор гудамжнаас шорлогтой хачиртай талх 3000₮-р авч идэв. Ban Minh гэх энэ талхыг шинэхэнээр нь хаа сайгүй зарах ба их сайхан амттай бөгөөд хямдхан. Францууд колонийн улсууддаа үлдээсэн өөр чухал зүйл бол талх нарийн боовны технологи болон кофены соёл гэдэг үнэн юм байна гэж бодонгоо талхаа хазалсаар буудалдаа хүрч аялалын эхний өдрөө өндөрлөв.

Night market
Гудманд жимс зарах аниа. Зураг авахаар жимсээ шахна.
Шөнийн гудамжны төв хэсэг
Хөөсөөр тоглох охин
Тэвэг тоглох залуус. Алдсан нь суниана.
Хуучны хийдийн барилга. Сайн арчилж тордсон байсан.
Голын аниа хамгийн лаг нь байсан.
Юу бодсон юм болдоо хөөрхий.
Тэвэгчдийн чадвар сунгалт болон тулгуур хөлний тавилтаас харагддаг. Цаана нь нэг л дотно хөшөө.
Үндэсний жүжиг / Хөгжим
Нутгийн дизайнерийн дэлгүүр
Эмо хүмүүс Deep-эрч Chill-эрдэг газар бололтой.
Энэ кафе илүү chill-эмжит санагдсан.
Вьетнам малгайн сувенир
Харанхуй шөнөөр идсээр л.
Бан мин зардаг охин.
Би ч бас дутахгүй идсээр. Бан мин 3000₮.

Удаах өдөр.

Гэртээ, өөрийн орон дээрээ унтахгүй бол амарч чаддаггүй зангаараа 5 өнгөрөөгөөд сэрчихлээ. Цайны цаг 6-гаас болохоор номоо уншиж орон дээрээ жаал хэвтсэнээ дээвэр дээр байдаг террасыг сонирхохоор гарлаа. Угаасаа ч тэнд хоолоо иднэ. Намайг гартал нэлээн хэдэн эртэч хүмүүс сууж байна. Нэг хос хамтдаа иога хийнэ. Хажууд нь хижээл насны европ ах яалт ч үгүй өвс сорж байх юм. Зохиолч бололтой хуучирсан зузаан дэвтэр дээр зогсолтгүй юм бичнэ. Ашгүй ороомогоо дуусаад дотор орохоор нь номоо тухтай шагайлаа. Удалгүй цайны цаг болж зөөгч текэн дээр хэд хэдэн төрлийн жимс, талх нарийн боов, кофе цай, шарсан зайдас өрж тавилаа. Захиалгаар өндөгийг 4 төрлөөр болгож өгнө. Өдрийн 13,000₮-р хонож байгаа гэхэд хангалттай өглөөний цайтай юм. Цадталаа идэж аваад лоббигоос хотын аялал жуулчлалын цэгүүдээр тойрч явдаг Vietnam Sightseeing Bus-ны билетийг авахаар буулаа. Өглөө 9-с орой 20 цаг хүртэл 30 минутын давтамжтай явдаг энэ автобусны билет 32,900₮-ийн үнэтэй (хагас өдрийн, бүтэн өдрийн, хоёр өдрийн билетийн сонголттой). Суугаад явбал нэг өдрийн дотор музей, сүм хийд, парк, төв талбай, засгийн газрын ордон гээд үзүүштэй бүх юмийг амжуулах боломжтой. Билетээ аваад өрөөндөө орж камераа хямгадаад, бүслүүр цүнхээ бүслээд Ханой хотын өглөөний төрхийг харахаар буудлаасаа гарлаа. Эхний автобус хүртэл цаг гаруйн хугацаа байсан болохоор өчигдөр шөнө алхсан шөнийн гудамжийг дахиж харахаар Хо Хоан нуурыг чиглэн алхав.

Өчигдөр оройхон хүний хөлд дарагдаж, хаа сайгүй худалдаа үйлчилгээ өрнөж байсан шөнийн гудамж хов хоосон болжээ. Авто зам дээр ярайж байсан лангуунууд байхгүй болж, шинэ долоо хоногийн эхний өглөө гэсэндээ маш олон скүүтэрүүд давхилдана. Ханойн өдөр шөнийн ялгаа намайг гайхашруулав. Зам дагуух дэлгүүр, хоолны газрууд аль эрт онгойгоод үйл ажиллагаагаа бүрэн эхэлсэн байв.

Угаасан хувцаснууд өлгөөтэй байгааг харахад барилгуудын ихэнх нь орон сууцны зориулалттай. Гэвч 1 давхар нь хоолны газар шиг олон сандал ширээтэй байх ба тэнд гэрийн эзэгтэй янз бүрийн хоол хийнэ. Ажил сургуульдаа явахаар дээд давхараас цэвэрхэн хувцасласан гэрийн эзэн, хүүхдүүд нь бууж ирэн хоол иднэ. Үүний хажуугаар гудмаар алхах хүмүүс өглөөний цайгаа уухаар энэ айлд орж хоол захиална. Хоолны захиалхаас өөр зүйл хоорондоо ярихгүй байгааг харахад огт танихгүй хүмүүс бололтой. Гал тогоо, зочны өрөө, хоолны ширээ бол тухайн айл өрхийн хувийн орон зай байдаг атал Вьетнамд огт өөр юм. Энэ хувийн орон зай нь үндсэндээ бүх хүмүүст нээлттэй бөгөөд үйлчилгээний шинж чанарыг давхар агуулан, өрхийн орлогын эх үүсвэрт томоохон байр эзэлнэ. Монгол бүсгүйн хатан ухаан гэдэг шиг Вьетнам эзэгтэйн бизнес ухаан байх. Гэр бүлийнхэн нь Солонгос кинон дээр гардаг шиг “би ирлээ, би явлаа” гэж байгаа бололтой нэг үг хэлээд гэрээсээ гараад явахтай зэрэгцэн өглөөний цайгаа уусан “зочин” гэрийн эзэгтэйд тооцоогоо хийгээд гарна. Үүнтэй адилаар хоолны газар ч гэлтгүй айл бүр үүдэндээ лангуу тавин юм зарж, цаг гутал засч, шорлог шаран бан мин талханд хавчуулна. Эдгээр ажлуудыг ч бас голдуу гэрийн эзэгтэй нар амжуулна.

Буудлын террасаас харагдах Ханой хотын төв хэсэг. Өндөр барилга цөөтэй, оршин суугчид өөрсдөө нэмж барьсан гэмээр дээшээ өргөтгөсөн барилгууд голлоно.
Хотын захаас дугуйтай ирж банана зарах эзэгтэй.
Лангуугаар дүүрэн байсан шөнийн гудамж өглөө гэхэд хоосон болсон байв.
Өнгөрсөн шөнө тэвэгчин, бүжигчин, циркчин, уран бүтээлчдээр дүүрэн байсан шөнийн гудамжны төв хэсэг.
80-аад оныхноос хамгийн амжилттай яваа Ким Жон Ун саяхан Трамптай уулзахаар ирсэн гээд Хойд Солонгосын туг олон өлгөөтэй.

Хо Хоан нуурыг бүтэн тойрч байтал 9 ч дөхөж автобусандаа суухаар Вьетнамын анхны хаан Li Thai To-гийн хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнг зорив. Автобус нь 2 давхар ба дээд давхар нь задгай, суутал амралтаараа хөтөч хийж байгаа оюутан аялалын маршрут, чихэвч, цэвэр ус өгөв. Суудал болгон чихэвчний оролттой бөгөөд Англи, Хятад, Япон, Герман гээд нийт 8 хэлээр аялалын турш Ханой хотын тухай тайлбарлана. Даваа гарагийн өглөө болохоор тэр үү зорчиж байгаа хүн ганцхан би л байлаа. Дээд давхрын хамгийн урд суудалд суугаад чихэвчээ зүүгээд юм үзээгүй хүн шиг уулзвар дээр зогсох тоолонд зураг даран явлаа.

Эхний үзвэр дайны музей. Даваа Баасан гарагт дотор үзвэр нь амардаг гээд зөвхөн гадаах үзвэрийг 2000₮-р үзэв (Дотор үзвэртэйгээ бол 4000₮). Францад ялагдаж колонийн улс болох үе, 2-р дайны дараа Америктай байлдсан үеийн зэр зэвсэг, машин техникийн арвин үзүүлэнтэй болохоор маш сонирхолтой байв. Үүднээсээ эхлээд колонийн дайнаар Англиас худалдаж авсан төрөл бүрийн их буунууд, Вьетнамын дайны үед ЗХУ-аас авсан сөнөөгч онгоц, тулаанд олзолсон Америк армийн онгоц, нисдэг тэрэг, танкуудыг өрж тавьсан байна. Эдгээрийг дээрээс нь харж болох харуулын цамхагтай. Дэлхий дээр Америктай байлдаад ялалт байгуулсан бараг цорын ганц улс гэсэндээ үзүүлэн болгоны доор магтан дуулсан, бахархсан, омогшсон тайлбар байх боловч миний сэтгэлд нэг л хөшөө тод үлдэв. Дайнд 10 хүүгээ алдсан эхийн хөшөө. Хожим нь их удирдагч Хо Чи Мин түүнийг алдарт эхийн одонгоор шагнасан гэх боловч чулуун хөшөөний харцнаас гуниг, цөхрөл, харуусал, гомдлыг л мэдрэв. Тусгаар тогтнол, эрх чөлөө ямар үнээр олддогийг хамгийн сайнаар илэрхийлсэн энэ хөшөө музейн үүдэнд биш хашааний мухарт байхыг харахад сэтгэл дундуур байлаа.

Вьетнамын анхны хаан
Ханойн төв хэсгийн нарийн гудмууд ихэвчлэн нэг урсгалтай. Иргэд машинаас илүү скүүтэр унах тул тэгж их түгжрэхгүй. Мод нь барилгаасаа өндөр болохоор үзэмж сайтай.
Ленин багшийн хөшөө. УБ зочид буудлын урд байсантай яг адил.
Колонийн дайны үеийн Англи их буунууд
ЗХУ-ын сөнөөгч МИГ-21
Америк армиас олзолсон техникүүд. Унагаад засч сэлбээд эргээд байлддаг байсан гэхээр Вьетнамын инженерүүд мундаг байсан байх.
Унасан онгоцнуудын сэгээр хийсэн хөшөө. АК үүрсэн Вьетнам бүсгүй онгоцны хэсгийг чирж яваа зураг.
10 хүүгээ алдсан эхийн хөшөө

Дараагийн үзвэр хааны ордон. Дайны музейгээс холгүй болохоор алхаад очив. Үүдэнд нь 3000₮ хураах боловч сэргээн засвар муутай, үзэмж тааруу байсан тул орж үзэлгүй замын эсрэг талд байрлах засгийн газрын ордонг үзэхээр алхав. Урдаа том талбайтай, үндэсний шинж тэмдгийг агуулсан орчин үеийн шийдэл бүхий гял цал барилга. 1000 жилийн түүхтэй хааны ордонтой харьцуулшгүй.

Вьетнам улсын их хурал 500 гишүүнтэй, жилд 2 өдөр л хуралдана. 5 жилд нэг удаа сонгууль болох боловч нэр дэвшигчийг цорын ганц улс төрийн хүчин болох Коммунист нам нь сонгоно. Бие даагч байх ч 2016 оны сонгуулиар ердөө 19 хүн л сонгогдсон. Бусад УИХ-ын гишүүд нь цөм коммунист намынх. Ерөнхийдөө ардчилалаас өмнөх Монгол улсын тогтолцоотой төстэй гэж болно. Мэдэн будилаад хашаанд нь орох гэсэн хамгаалагчид нь донгодуулаад ойрхноос зураг авч чадсангүй. Алсаас харж зогсонгоо автобусаа хүлээлээ.

Вьетнам улсын засгийн газрын ордон

Үргэлжлүүлээд нутгийн хүмүүс их ордог Quan Thanh хийд, Tran Quoc суварга үзэв. Вьетнам нь манайх шиг буддын шашинтай. МЭӨ 3-р зуунд Энэтхэгээс орж ирээд Хятадын Фэн Шүй болон үе үеийн суут сэтгэгчдийн сургаальтай холилдож өөрийн дүр төрхийг олсон. Өнөөгийн Вьетнам хэлийг алфабетаар бичдэг ч колони болохоос өмнө ханзаар бичдэг байсан нь хийдийн бичээсээс харагдана. Хийдийн үүдэнд нэг хүн тасалбар таслаад сууна. Янзыг нь үзээд автобусны билетээ үзүүлтэл “засс” гэх маягтайгаар намайг үнэгүй оруулав. Уг нь бол 1000₮-р орно. Эрүүл саруул үүнийг бичээд сууж байгааг бодоход мөнгөө төлсөнгүй гэж Вьетнам бурхан уурлаагүй бололтой.

Хийдийн барилга хуучирч элэгдсэн, арчилгаа муутай, ойр зуурын цэвэрлэгээ хийдэг шүүр барьсан харгалзагчаас өөр хүн харагдсангүйг бодоход коммунист нам нь шашныг бүрэн хүлээн зөвшөөрч, дэмждэггүй аятай. Уг нь лам хуварга ном уншаад сууж байвал адис хүртэе гэж бодсон талаар болов. Цаад өрөөнд нь Вьетнам будда гэмээр сахалтай хүрэл хөшөө байхаар нь яаж хоосон гарахав гээд зүүн хөлийн эрхий хурууг нь жаал илэв. Ер нь бултаараа илдэг бололтой мөлчийсөн сайхан хөлийн хуруунууд байна. Илсэн гээд ухаан нэмж гэгээрээгүй ч Цэцэ Гинжин хоёрын “Хөөрхөн хөлийн хуруу”-г сонсмоор санагдав.

Quan Thanh хийдийн үүд
Тэр хөөрхөн хөлийн хурууг нь хараад байгаарай.

Хо Тай нууран дээрх жижиг арал дээр байрлах Tran Quoc суварга 11 давхар улаан өнгөтэй, орой нь Монгол суваргатай их төстэй. Аралруу гардаг гоёмсог чулуун гүүртэй. Суваргын үүдэнд хүмүүс хуванцар сандал дээр суугаад цаасан хайчилбар, загас, тоть шувуу, яст мэлхий зарна. Авч байгаа хүн харагдахгүй ч авдаг болоод л зарж суудаг байхдаа. Цаасан хайчилбарыг харин жуулчид их сонирхоно. Олон өнгийн цаасаар нямбай хайчилж эвхдэгээр хийгээд ил захидал дээр наасан байна. Хажууханд нь явган зам дээр цээж нүцгэн хоёр залуу дундаа тор татчихсан тэвэг өшиглөнө. Эдний үндэсний спорт нь тэвэг байх аа.

Tran Quoc суварга
Цаасан хайчилбар
Амьтан зардаг аниа. Хөөрхөн хөлийн хуруугүй байсан.
Тэвэгчид
Аралруу гардаг гүүр

Өнөөдрийн төлөвлөгөө бараг талдаа орж, автобусандаа суугаад дараагийн үзвэр Хо Чи Миний талбайг зорилоо. Засгийн газрын ордны баруун талд байрлах энэ талбайн нэг талд Хо Чи Миний бунхан байх нь дээхнэ үеийн Сүхбаатарын талбайг санагдуулна. Өнөөдөр бүрхэг, манантай, хааяадаа бороо шивэрсэн цаг агаартай байсан болоод ч тэр үү хэдий том талбайтай ч сэтгэл тэнийсэн мэдрэмж авсангүй. Талбайн эргэн тойронд яам тамгийн газрууд, тансаг ресторан, буудал, Канадын элчин, Хо Чи Миний амьдарч байсан байшин, жижиг хийд, манай соёлын төв өргөөтэй төстэй загвартай Хо Чи Миний музей байрлана. Зам дээр скүүтэр ховор харагдаж голдуу үнэтэй гадаад машинууд явна. Явган хүний зам өргөн сэлүүн боловч манай баячууд, дарга нар шиг машинаа хашлага давуулаад зогсоочихсон алхахад хүндрэлтэй. Ганган машин уналаа гээд явган хүнд садаа болж байгаа бол яаж сайхан харагдах билээдээ.

Хажуугийн ресторанд хурим болж байхаар нь ямар болдгийг нь сонжих гээд шагайж хартал хэн ч зогсоосонгүй зүгээр яваад орчихлоо. Арай их амьд цэцэгтэй, архи дарс багатай, 15 цагт агсам согтуу тавилгүйгээр дуусдаг болохоос зассан тайз ширээ нь манайхтай төстэй л юм байна. Цааш алхаад хийд, музейн барилгыг сонирхчоод дараагийн үзвэрээ зорилоо.

Хо Чи Миний талбай (Бараг л Хо! Чи минийх!)
Хо Чи Миний бунхан
Явган хүний зам, хамаг бүдүүн дарга нарын машин.
Minh Tri, Ngoc Linh хоёртоо аз жаргал хүсье.
Хийдийн үүднээс.
Хо Чи Миний музей

Хэл бичгийн хийд гэдэг нэртэй дараагийн газар бол 1070 онд баригдсан Вьетнам улсын анхны их сургууль бөгөөд тухайн үедээ 72 суут ухаантныг төрүүлсэн. Билет 3000₮, оюутан 1500₮, хүүхэд үнэгүй. Нутгийн оюутнууд ангиараа ирж үздэг бололтой жуулчнаасаа олон харагдана. Олон жил болж байгаа гэхэд сайн арчилж хамгаалсан, түүх соёлыг мэдрүүлсэн сайхан газар байв. Цаг хугацаа урсаж, нийгэм яаж ч өөрчлөгдсөн бай олон жилийн түүхтэй, соёлын өв болсон газраа ингэж л хайрлаж хамгаалж хойч үедээ өвлүүлмээр.

Хийдийн барилга нь азийн бусад орнуудын адил оньсон модон хийцтэй, сүрлэг шавар дээвэртэй, улаан өнгө голлосон, үүд нь урагш харсан байв. Олон дараалсан өргөөтэй, өргөө бүр мэргэн ардын баримал болон тэдний бичсэн шүлгүүдийг сийлсэн чулуун хөшөөтэй. Тоосгон талбай, хиймэл нуур, зассан зүлэг байхын хажуугаар тухлаг кафетай. Бэлэг дурсгалын дэлгүүр нь хүртэл донжтой зүйлс зарна. Оюутан болоод ч тэр үү эрдэм номын газар цаанаа нэг тухтай санагдаад (аая) удаан тухалмаар байсан ч дараагийн музейн хаах цаг дөхөөд төд удалгүй гарав. Энэ хийд өнөөдөр орсон хамгийн гоё газар байлаа. Ханойд очвол заавал ороорой.

Хийдийн үүдэнд ангиараа зургаа татуулах нутгийн оюутнууд.
Хийдийн дотор
Мэргэн ард
Кафе, Вьетнам кофе бол яалт ч үгүй сайхан юм байна лээ. Француудаас сайн сурсан байгаам.
Өнөөдөр дарсан хамгийн гоё зураг.
Хийдийн эсрэг талын цэцэрлэгт хүрээлэнд

Ээлжит газар бол Хоа Ло. 1896 онд Францын колоний дэглэмийг эсэргүүцэж, тусгаар тогтнолын хөдөлгөөнийг эхлүүлэх оролдлого хийсэн иргэдийг хорих зорилгоор барьсан шорон. Тухайн үеийн хоригдлууд 2-р дайны дараа коммунист намын гишүүд болж улсаа удирдсан (билет 3000₮, оюутан 1500₮). Сүүлд Вьетнамын дайны үеээр олзлогдсон Америк цэргүүдийг хорьдог байсан ба тэр дунд Америкийн нэрт улс төрч John McCain байсан. Тэрээр 1973 он хүртэл 5 жил хагас хоригдож, дайнаас олсон шархнаасаа болж гараа толгойноосоо дээш өргөх чадваргүй болсон байдаг. Шоронг тухайн үеийн байдлаар нь хадгалж, манекин байршуулснаар бодит байдал дээр ямар байсныг тодорхой харуулсан байна. Нэг л хүйтэн, нурууны үс босмоор зэврүүн уур амьсгалтай музей байв. Гэхдээ мэдэж авах зүйл их байлаа. Вьетнамууд Америк хоригдлуудад маш хүнлэг хандсан гэж ярих ч суллагдсан цэргүүд үүнийг үгүйсгэдэг. Шоронгийн дарга нар пропаганда зорилгоор хоригдогсдын нэг Admiral Jeremiah Denton-оос ярилцлага авч шоронд бараг л жаргаж байна гэж хэлүүлсэн боловч тэр нүдээрээ Морзын дохио ашиглан T-O-R-T-U-R-E (тамлал) гэж дамжуулсан байдаг.

Шоронгоос гараад (түй муу ёр) хажууханд нь байрлах хотын цагдаагийн музейг үнэгүй үзлээ. 2 давхар цомхон барилга байв. Нээх онц биш байсан болохоор санал болгохгүй.

Цаг орой болсон байсан тул сүүлийн хоёр үзвэр болох эмэгтэйчүүдийн музей, дуурийн театрыг хойшлуулаад буудалруугаа дөхөхөөр автобусандаа суулаа.

Хоригдлууд өрөөсөн хөлөө гавлуулж хоригддог байв.
Чангалан хорих өрөө
Өдөржин сууж явсан жуулчны автобус.

Өглөөний буфет цайндаа сэтгэл цадаад өдөржин хоолгүй явсанаа автобуснаас буугаад сая санав. Зэрэгцээд ходоод дуугарч хоолны эрэлд гарлаа. Өчигдөр орой фо идсэн гудмаар алхаж байтал нэг гуанзны менюн дээр яалт ч үгүй л цуйван харагдлаадаа. Зөөгчөөс нь үхрийн махтай шарсан гоймон мөн үү гэж нягтлаж асуугаад шууд захиалав. 10 минутын дараа уур савссан таваг бариад ирлээдээ. Цуйван бол Монгол эр хүний хайрыг татсан, тэр дундаа оюутан хүний бэлэг тэмдэг гэхэд хилсдэхгүй хоол билээ. Бараг л тугалын хашаа мөргөх шахсан хүн савхаа бариад дайртал түй, гурил нь бэлэн гоймон. Урам хуга, хайрын сэтгэл суга. Гэсэн ч өлссөн оюутан ум хумгүй идээд 6300₮ төлөөд гол зогоох өөр хоол олж идэхээр цааш алхлаа (бэлэн гоймонтой цуйванг Bok Choy гэнэ).

Вьетнамын бүрхэг тэнгэр ивээсэн юм болов уу, буудлынхаа яг үүдэнд нэг аниа хаанаас нь яаж ч харсан хуушуур хайрч байхыг олж харлаа. Энэ юу вэ гэсэн Banh Goi гэж байна. Яасан ч гоё нэртэй юм, гуанзны менюнд хууртсан ч нүдэндээ бол хууртахгүй гээд шууд авав. Аваад хазтал за бараг л хуушуурдаа. Дотроо мах, ногоо, чанасан жижиг өндөгтэй. 1000₮-р гол оронгуутаа додигор алхаад буудалдаа ороод нам унтлаа.

Бок чой болон Бан Гои

Гутгаар өдөр.

Зээ энэ өдөр Ha Long Bay буюу Ха Лон тохойг зорих билээ. Ха Лон тохой нь Вьетнамын байгалын үзэсгэлэнт газар гэдгээрээ алдартай, жуулчдыг заавал очиж үз гэдэг юм байна лээ. Би буудлын лоббигоос нэг өдрийн аялалын билэт 140,000₮-р авсан. Өглөө 8-д ирж аваад өдөржин дагуулж яваад орой буудалд хүргээд өгнө. Завин дээрээ өдрийн хоолтой. Хагас өдөр, 1 шөнө 2 өдөр, унтлагын өрөөтэй тансаг cruise, энгийн завь гээд янз бүрийн сонголттой. Буудал гэлтгүй old quarter гудманд олон таарах аялалын зуучуудаас бас авч болно.

Ханойгоос автобусаар Cat Hai боомт хүртэл хурдны замаар 1 цаг явна. Автобусанд суухад Англиар ярьдаг хөтөч охин цэвэр ус өгөв. Хоч нь Phoebe. Зан ааш нь Friends-ын Phoebe-тэй их төстэй юм. Тэгээд ч ингэж дуудуулдаг байх. Надтай нийлээд 20 хүрэхгүй жуулчин суув. Би ганцаараа Ази царайтай. Phoebe аялалын төлөвлөгөө болон Вьетнамын талаар олон зүйл ярьж өгөв. Вьетнамууд молоконд их дуртай гэнэ. Талх, кофе, тосонд шарсан боорцог гээд байж болох бүх юманд хийнэ. Скүүтэр их унадаг нь (Ханой хотод 4 сая ширхэг) автомашины импортын татвар 300% болохоор юм байна. Түгжрээг бууруулах болон үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого барьдаг (үндэсний үйлдвэрлэгч VinFast). Ганган мотоциклтой бол нэлээн баян, хувийн машинтай бол хосгүй баяндаа орно. Хөтөч охиныг аав ээж нь машинтай залуутай л суугаарай гэдэг гэнэ. Phoebe гэхдээ гадаад хүнтэй суух сонирхолтой.

Вьетнамд Буддын шашин гэхээсээ илүү Фэн Шүй давамгайлдаг гэв. Жишээ нь өглөө эрт дэлгүүрийн эхний үйлчлүүлэгч болж орвол худалдагч орлогын үүд нээгдлээ гэж бэлэгшээн юмаа хямдруулж өгдөг. Харин үнэ асуучаад авахгүй гарвал муугийн ёр гээд үүдэндээ цаас шатаадаг гэв. Эртэч хүнд хямдрал үзүүлэх нь зүгээр санагдсан ч цаас шатаах бол саранд түрийвчээ даллахтай адил юмдаа.

Тэд лууг тахин шүтдэг. Ханой голын хуучин нэрийг Tang Long буюу Улаан Луу гэдэг байсан (одоогийн нэр нь голын дунд гэсэн утгатай). Гэх мэтчилэн сонирхолтой зүйлс ярьж байтал амс хийх цаг болж өртөөнд зогсов. Зам сайхан байсантай адил өртөөний 00 цэвэрхэн, олон төрлийн меню бүхий хоолны газартай байлаа. Оюутан хүн байнга өлсөж байдаг хойно нэг мантуун бууз 1500₮-р авч идлээ.

Хурдны замын өртөө нь Дарханы зам дахь Урьхан шиг цэвэрхэн, Мантуун бууз (Banh Bao)

Цааш 20 минут яваад боомтоос завиндаа суулаа. Бүрхэг бүүдгэр өдөр байсан болохоор далайн өнгө тийм ч сайхан байсангүй. Гэвч Ха Лон тохойн арлууд байгалын өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнтэй харагдана. Эрт үед тэнгэрээс луу бууж ирэн Ха Лон тохойн арлуудыг хийж Хятадын дайралтаас хамгаалсан домогтой. Ус нь тогтуун, олон жижиг арал байдаг учраас усан флот нуугдаж, гэнэтийн дайралт хийхэд тохиромжтой, эрт үеэс гадны дайралтаас хамгаалахад чухал байршил байсан байна. Замд ачааны том хөлөг онгоц олон таарахаас гадна орон нутгийн загасчдын жижиг завь харагдана. Арлын эрэг дагуу усан дээр барьсан жижиг байшингууд байх нь загасчдын тосгон ажээ.

Завиар 40 минут яваад Cat Ba үндэсний парк дахь агуйгаар алхав. Буцаад завиндаа сууж дараагийн газар хүртлээ өдрийн хоол идэв. Өдрийн хоолон дээр 3 хүнтэй танилцлаа. Италиас найз охинтойгоо аялахаар ирсэн Mattia (найз охины нэрийг мартав) болон Австралиас Вьетнам худуудтайгаа танилцахаар ирсэн Jen. Mattia бол Tattoo artist харин Jen тэтгэвэртээ гарсан. Mattia нутагтаа шивээсний студитай. Ази хэв маягтай шивээс хийдэг болохоор Азиар аялаж, шинэ санаа, загвар эрэлхийлдэг. Аялахын хажуугаар орон нутгийн студиудтай хамтарч ажиллан зардалаа нөхдөг. Хэрэв та сонирхвол түүний инстаграм хуудсыг дагаарай. Jen хоёр хүүтэй. Том хүү нь Орос эхнэртэй байсан ч түүнээсээ салаад одоо Вьетнам бүсгүйтэй сууж байгаа. Шинэ бэртэйгээ дотносох зорилгоор эх нутгаар нь аялаж, худуудтайгаа танилцаж, Вьетнам соёл, хүмүүсийг мэдэхээр ирсэн. Бүгдээрээ сайхан хүмүүс байв.

Ха Лон тохойн жижиг арлууд
Загасчны завь
Загасчдын тосгон
Cat Ba арлын агуй

Хоолоо идээд дуустал далайн агуй дээр ирж kayak завинд суухаар бууцгаалаа. Амьдралдаа анх удаа каяк хийсэн минь энэ. Нэг каякан дээр хосоороо сууна. Надаас өөр ганцаараа яваа Грекээс ирсэн Julia-тай ханисав. Julia Германд Грек хүүхдийн бага сургуульд багшилдаг. Улсад нь эдийн засгийн хямрал болсноос хойш цалин өндөртэй Герман улсыг зорих хүн олон болж, тэндээ суурьшсан хүмүүс иргэдийн холбоо байгуулан хүүхдүүдээ сургах бага сургууль нээсэн байдаг. Үүнд нь Грекийн боловсролын яам дэмжлэг үзүүлж үндэсний соёл, ёс заншил, унаган хэлтэй болгох бодлогоор нутагтаа 3-аас дээш жил ажилласан бага ангийн багшийг 5 хүртэлх жилийн хугацаатайгаар гадаадын бага сургуульд багшлуулахаар томилдог.

Бид хоёр янз бүрийн юм ярингаа агуй доогуур сэлүүрдсээр эсрэг талд нь гартал нам гүм, анир чимээгүй, номин цэнхэр устай, маш үзэсгэлэнтэй газар ирэв. Julia бид хоёр сэлүүрээ түр тавиад юу ч ярилгүй усны урсгал даган урслаа. Хааяа шувуудын жиргээ сонсогдоно. Тээр жил найзуудтайгаа Аварга Тосонд зуны үдэш нар жаргахыг хараад суусантай адил мэдрэмж төрөв. Өнөөдрийн аялалын оргил хэсэг энд өнгөрөөсөн хэдхэн минут байлаа.

Байгалын сайханд согтоод хамаг стресс яг тайлагдах гэж байтал араас Phoebe “So this is the most beautiful place of Ha Long Ba~y, You should take some photo~s” гээд гуншсан аялгаараа хутгалж орж ирээд хамаг настри алаад хаяв. Ай хорвоо чи намайг тайван жаргаахгүй нь ээ. Улаан хүрэн үстэй грек бүсгүйтэй каякаар зугаалаад яааг кино хийж байхад…

Нэг цагийн каякны хугацаа дуусч, буцаад завиндаа сууцгаалаа. Боомтруу буцах замдаа завин дээрээс далайруу үсэрцгээх үү гэхээр нь Mattia, Julia бид гурав өөр нэг Испани бүсгүйтэй хамт харайгаад оров. Бүрхэг, наргүй, ус хүйтэн байсан болохоор төд удалгүй бид дөрөв уснаас гарав. Зун л юу юм гэхээс 3 сард бол дэмий эд байна лээ.

Душ аваад сууж байтал Phoebe бүгдээрээ Вьетнам үндэсний хоол хийцгээе гээд урьдаас бэлдсэн хүнсээ бариад завьны тавцан дээр гарч ирэв. Cha Gio буюу Spring Roll-ны элдсэн будааны гурил, дотор нь хийж ороох татсан мах ногоо, тостой тогоо зэргийг ширээн дээр өрж тавиад яаж хийхийг үзүүлэв. Хуушуур бууз хийж өссөн надад бол амархан санагдаж (аая) пиво уунгаа харж зогсов. Гурвуулаа явсан Америк охидууд “Wow, Oh my Go~d” гээд бөөн сүр үзүүлж, ороохоосоо илүү аальгүйтэцгээнэ (хөөрхий амьтад).

Царай муутай шарсан хаврын ороомогоо идэцгээгээд, хэдэн пиво ууж байтал (3 пиво 12,600₮, завин дээр болохоор үнэтэй зарж байна лээ) боомт дээрж ирж, автобусандаа сууцгаагаад буудлын зүг гэлдэрцгээв. Буцах замд Phoebe хэдэн үг зааж өгөв. Мо Хай Ба Ёо (нэг хоёр гурав тогтооё). Уушийн газар зөөгч дуудах бол Эмой (эмо~! гэхэд бараг болох юм байна лээ). Өөр олон үг зааж өгсөн ч хамгийн чухалуудыг нь л тогтоож аваад буудалруугаа бараг унтаа чигээрээ орсноор гурав дахь өдрийн аялал маань дуусав.

Далайн агуй, Нутгийн пиво

Дөтгөөр өдөр.

Өнөөдөр Ханойд хонох сүүлийн өдөр. Үзэж амжаагүй байгаа Neo-Gothic загвартай католиг шашний St.Joseph Cathedral-г зорин алхав. Замд дэлгүүрийн үүдэнд нэг аниа цагаан цаас шатааж сууна. Эхний үйлчлүүлэгч нь юм аваагүй бололтой. Замын эсрэг талд тавьсан скүүтэр дээр нэг нохой эзнээ хүлээн дуулгавартай зогсоно. Вьетнамууд нохойнд их дуртай юм.

Дуган дээр очиход Лхагва гарагийн 10 цагийн мөргөл эхлэх гээд их танхим нь хүнээр дүүрсэн байв. Францууд технологи, хоолны соёлоос гадна шашинаа сайн нутагшуулсан байгаа нь илт харагдана. Нутгийн хийдтэй харьцуулахад хүн ихтэй, барилга нь сүрлэг том, дотор засал нь өчигдөрхөн ашиглалтанд орсон мэт шинэхэн харагдана. Төд удалгүй орган хөгжмийн аянд хурсан олон дуулж эхэлмэгц гял цал хавтастай библи барьсан залуу ламын араас ягаан өнгийн нөмрөгтэй олон лам, араас нь баруунаас ирсэн бололтой Европ хамба, дуганы Вьетнам хамба нар дараалан гарч ирж индэрт зогсон Вьетнам хэлээр номлолоо айлдав. Юу ч ойлгохгүй ч жаал гэгээрч зогсож байгаад гарч эмэгтэйчүүдийн музейг (билет 3000₮) зорилоо.

Түрийвчээ даллах, бишээ цаас шатаах худалдагч аниа.
Зургаа авахуулаад сурцан байгаамаа.
Гэгээн Ёзэфын цогчин дуган
Дуганы их танхим

Монгол улсыг эрчүүдээс илүү эмэгтэйчүүд нь авч явдаг гэж би боддог. Ажилсаг, арвич хямгач, нямбай, хариуцлагатай, архи уугаад алга болдоггүй эрчүүдээс эмэгтэйчүүдийн тоо олон гэдэгт уншигч та санал нийлнэ байх. Вьетнамд бас адилхан бололтой. Ханойд эр эмгүй яарч гүйлдсэн ажилсаг шургуу хүмүүс харагдах ч хөдөө орон нутагт байдал өөр. Тариан талбайн гол ажлыг эмэгтэйчүүд нугалж, сургууль соёлд явах боломж хомс байдаг байна. Уг музейд эмэгтэйчүүдийн тэгш эрх, өндөр боловсрол, нийгмийн оролцоог дэмжихийг уриалсан үзүүлэн их байна. 1 давхраас гар урлалын бэлэг дурсгалын зүйл худалдаж авснаар та музейн үйл ажиллагааг дэмжих болно. (Ээ тэгээд явж явж эмэгтэй хүний л зөв байдагшдээ)

Музейгээс гараад Ханойн дуурийн театр, хөрөнгийн биржийг харчаад хотын захын гуанзанд орж фо шөл 2500₮-р, лаазтай кола 1000₮-р авч өдрийн хоолоо зохицууллаа. Ер нь бол фо шөлнөөс залхаж байна. Шартчаад л идэх ёстой хоол байх.

Буцаж төврүү алхаад төв музей орж түүхийн талаар нэлээн уншлаа (билет 4000₮, оюутан 2000₮). Вьетнамын уур амьсгал зөөлөн, гол мөрөн, ус бороо ихтэй, ургац арвин байсан тул гадны эзлэн түрэмгийлэлд үеийн үед өртөж иржээ. 1000 жилийн өмнө хаант улс байгуулагдсанаас хойш дундад улсын Хан, Сүн, Мин, Чин гүрэнтэй 20–50 жил тутамд дайтаж, тусгаар тогтнолоо хамгаалсаар ирсэн боловч 1258–1288 оны хооронд Хубилайн Юань гүрэнтэй 4 дайтсаны эцэст эзлэгдэж, эрхшээлд нь орсон байна (Юань гүрэн задрахад дахин тусгаар тогтносон). Үүний дараагаар 1858–1884 оны хооронд Францтай дайтах үед хар тамхи гаарч, улсын хүч сульдсанаар ялагдаж, 2-р дайн хүртэл колончлогдов.

1940 онд Европ дахь Гитлерийн Германы эзлэн түрэмгийллийг далимдуулж Японы арми Вьетнамыг эзэлж колониос дахин колони болов. 1945 оны 8 сарын 15-нд Японы эзэн хаан ямар ч нөхцөлгүйгээр бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар тусгаар тогтнол ирлээ гэж бодтол Францууд ирж “Бид нар юмаа авъя” гээд дахин колоний дайн эхлэв. Гадны мөлжигчдийн гарт олон жил зовсон Вьетнамууд их удирдагч Хо Чи Миний удирдлага дор, ЗХУ-н дэмжлэгтэйгээр тусгаар тогтнолын төлөө 1954 он хүртэл ширүүн тэмцэж, үндсэндээ ялалт байгуулсан боловч Ази дахь ЗХУ-н нөлөөг багасгах зорилгоор Америкууд Da Nan боомтод цэргийн бааз байгуулан, тухайн үеийн Saigon хотод (одоогийн Хо Чи Мин) ардчилсан тогтолцоог дэмжигч нутгийн хүмүүсээр шинэ засгийн газар байгуулуулснаар Вьетнамын дайн эхэлсэн байна. Энэ дайн 1973 он хүртэл үргэлжилж, 1975 онд хоёр Вьетнам дахин нэгдсэнээр энх тайван цаг ирсэн. Цэргийн хүч харьцангуй байсан тул социалист армийн цэргүүд ууланд бүгэж, эмэгтэйчүүд нь ар гэрийн бүх ажлыг нуруундаа үүрч өдөр бүр уулруу хүнс зөөдөг байв. Мятрашгүй дайчин эрс, тэдний арыг баталгаатай даасан эмэгтэйчүүдийн хүчээр энх тайван цаг дахин ирсэн гэж төв музейд бахархалтайгаар бичсэн байв. Үзмэрүүдийн дунд 1960 онд Монголын ард түмнээс Хо Чи Минд бэлэглэсэн зааны ясан морь байв.

Эмэгтэйчүүдийн музейн үүд
Музейн вестибюлийн тааз (сүрлэн малгайн уран бүтээл)
Дуурийн театр
Төв музей
Тоть шувууг эрдэм номын бэлэг тэмдэг гэж үздэг. Манайхны бэлэглэсэн морьт сувенир.

Музейд баахан дайн дайжин уншаад, өдөржин алхаад ядарсан тул массажинд орохоор old quarter-н орон сууц голлосон хэсгийг чиглэв. Орон сууцны барилгууд хоорондоо их ойрхон, маш нарийн гудамжтай, хааяа мэр сэр хостел тааралдана. Хувийн урлан, дизайнерын дэлгүүрүүд нь маш үзэмжтэй. Төв хэсэгээ бодвол чимээ шуугиан багатай. Тэнд байрлах Midori Spa гэх хараагүй хүмүүсийн массажны газар ороход жимстэй халуун цайгаар намайг угтав. 1 цагийн хөл, бүтэн биеийн Вьетнам массаж 26,000₮. Бариулаад сайхан болсон уу үгүй юу ходоод хоолоо нэхээд эхлэв. Ай оюутны аппетит аа гэж.

Аялалд гарахаасаа өмнө нүдэлсэн байсан Xofa Cafe & Bistro гэдэг газарлуу явлаа. Яг очихын даваан дээр аадар бороо оров. Зүүн өмнөд Азийн бороо ширүүн боловч 10, 15 минут ороод л зогсдог. Xofa-гийн хажуугийн рестораны саравчин доор бороо намжихыг хүлээн хэсэг зогслоо. Удаан хүлээсэнгүй зорьсон газартаа оров. Энд нэг л хоолыг идэх гэж ирсэн. Алдарт Обама бунча. Хачиранд нь Ханой пиво захилаа. Ресторан маш тав тохитой, интерьер дизайны гоёмсог шийдэлтэй. Нутгийн хосууд болзхоор ордог романтик газар байв. Надаас өөр зөнгөрч яваа хүн байсангүй. Гэхдээ Обама ахын бунчаг заавал иднэ гэцэн байсан болохоор хамаагүй ээ.

Ханойн орон сууцнууд
Нэг урлангийн цонхоор
Аадар борооноор
Xofa Cafe & Bistro, заавал очууштай

Хоолны амт тасархай байв. Вааранд чанаж болгосон чихэрлэг соустай халуун гахайн мах, яншуй ногоо, фо гоймон нутгийн пивотой сайхан хослов. 10-аас 8 оноо өглөө. Даан ч сэтгэл цадсангүй. Оюутан хүний ходоод хар нүхлуугаа адил юм. “Би цадсан, би цадсан, би цадсаан” гэж өөртөө хэлэнгээ буудлын зүг алхлаа.

Яааг ийм үед гудамжны хоол болгон нүдэнд тусаад ёстой балай юм. Нөгөө муу фо шөл хүртэл “нааш ир, чи цадаагүй байнаа, өөрийгөө битгий хуур” гэх аятай надруу харна. Хажууд нь хижээл насны сайн эр шанаган тогоонд нугас шарна. Үнэр нь Ээ базарваань. “Эр хүн байнадаа, идээд гараач хө” гэх аятай хамар сэтлэх шахна. Төрийн минь сүлд өршөө гээд нүдээ аниад зүрхээ чангалаад нугастай бан мин, нэг пиво захиалж орхилоо. Би харамсаагүй ээ. Сайхан байсан. Яадым. Тэгж яривал пиво нь 500₮ гэхээр нь дахиад нэгийг ууцан. Үхсс.

Удаан суувал архичин болох шинжтэй байсан тул дахиж пиво захиалалгүй жинхнээсээ биеэ бариад тооцоогоо хийгээд гарлаа. Эр хүн найранд гурван дуутай, наадамд гурван даваатай, баранд гурван пивотой гэдэгдээ.

Арай гэж гэдэс сэтгэл аль аль нь цадсан оюутан буудалдаа очоод ачаагаа бэлдлээ. Маргааш өглөө Хо Чи Минрүү ниснэ. Дараагийн хотод намайг ямар адал явдал, ямар сайхан хоол хүлээж байгаа бол.

Надруу хараад байсан фо шөл
Нугас шарах сайн эр
Обама бунча (пивотойгоо 15400₮), Нугастай бан мин (3000₮)

--

--

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

Responses (2)