Камбож, Анкор Ват (Сием Рип)
Зүүн өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл 4
Нийт хоног: 3 шөнө 3 өдөр / Нийт зардал: 400,000₮ / Очууштай: Angkor National Museum (12$) / Харууштай: Жаргах нар
Сар орчим тэмдэглэлээ бичсэнгүй. Ихэнх дурсамж бүдгэрч байгаа ч аялалын дэвтэртэй явсан минь аминд орж байна. Богино бичвэр, дарсан зургаа хараад сэтгэлд хоногшсон зүйлсээ уншигч тантай дахин хуваалцаж байгаадаа таатай байна.
Эхний өдөр.
Пном Пенээс автобусаар зорьж буй дараагийн зогсоол бол эртний Хмер гүрний нийслэл Angkor Wat (хийдийн нийслэл) хот юм. Хмер гүрэн нь өнөөгийн Тайланд, Камбож, Лаосыг хамарсан өргөн уудам нутагтай соёл, урлаг, шашин, барилгын технологи гээд бүхий л салбар хөгжсөн хүчирхэг гүрэн байв. Үүгээрээ өнөөгийн Камбож үндэстэн маш их бахархдаг. XII зуунд Suryavarman II хааны дор хөгжлийн оргилдоо хүрэхдээ энэ хотыг байгуулсан байдаг. Түүнээс хойш хаан болгон өөрийн тоололдоо томоохон хийд, ордон барьж байсан нь өнөөдөр үлдсэн түүхэн цогцолбор юм. Египтэд Фарао нар Пирамидыг, Азид Хмерүүд Ангкор Ватыг үлдээсэн.
Миний очих газар бол эл түүхэн паркаас холгүй байрлах Сием Рип хот юм. 140,000 хүн амтай энэ хотыг жил бүр 2.6 сая жуулчин зорьж, зөвхөн түүхэн цогцолборын билет борлуулалтаар 120 сая $ олдог. Жуулчин бүр дунджаар 100$ үрдэг гэж тооцвол жилдээ Камбож улсад 260 сая $-ын хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм. Энэ тоо бол Оюу Толгой төсөл Монгол улсад жил бүр төлж буй татвартай дүйцэхүйц дүн билээ.
1994 онд UNESCO-ын соёлын өвд бүртгэгдсэн 162 га талбайтай Ангкор Ват хотыг хайрлан хамгаалах зорилгоор ойр орчимд нь бүтээн байгуулалт хийхийг бүрэн хориглосон байдаг. Ингэснээр жуулчид Сием Рип хотод хоноглоод өдрийн цагаар цогцолбороор аялдаг.
Энэ хот нь зөвхөн жуулчдаар зогсохгүй архитектор хүний амьдралдаа заавал очих ёстой газруудын нэг юм. Харин миний хувьд мэргэжил гэхээсээ хүүхэд насны минь дурсамж шингэсэн болохоор илүү ач холбогдолтой. Энд л би анхны хайртайгаа учирч, хайр дурлалын анхны шархаа олсон юм.
2001 онд юм байна. Даруухан тэр минь хар майк бариу өмд өмсөөд, урт хар үсээ цэвэрхэн сүлжээд анхны болзоондоо ирж билээ. Модны бүдүүн үндэснээс зүүгдээд Ангкор Ватын бунхан дотор нэг хананаас нөгөө ханаруу дүүлэх нь яг л болжмор шувуу мэт. Намайг аврах гээд муу санааттай тулалдах нь олзруугаа довтлох шонхор шувуу мэт л байж билээ.
Даанч анхны болзооны дараа Brad ч билүү Pitt ч билүү нэг нохой шиг нэртэй залуутай суугаад алга болсондоо хөөрхий. Та ч бас түүнийг цэнхэр дэлгэцээр олон харсан байх, нэрийг нь Angelina Jolie гэдэг. Анжи маань кинондоо тоглочхоод хүүхэд үрчилж аваад нутаг буцсан байдаг. За миний бүтэлгүй хайр ч яахав.
Lara Croft: Tomb Raider киноны зураг авалтыг энэ хотын “Ta Prohm” хийдэд хийсэн. Киноны амжилт Камбожийн аялал жуулчлалын салбарт ч чамгүй өгөөж өгч, өнөөдөр Trip Advisor сайтад жуулчдын очихыг хүсдэг шилдэг 25 хотын нэгээр байнга нэрлэгддэг.
Автобусанд мэргэжил, анхны хайраа бодохын хажуугаар дэргэд суусан Ким нэртэй нутгийн залуутай танилцав. Эхэндээ нэр усаа мэдэлцээд өнгөрсөн ч, 6 цагийн аялал бид хоёрт илүү дотносох боломж олгов. Ким хятад гаралтай камбож залуу. Түүний өвөө эмээ нь их сургуулийн багш байсан бөгөөд хятадын коммунист намын дэглэмийг эсэргүүцэж байгаад, амь насны аюул мэдрээд камбожруу дүрвэсэн гэнэ. Залуухан хост ганц нуган үр заяасан нь Кимийн аав. Ээж нь харин цэвэр хмер үндэстэн.
Түүний бага нас “хэл сур”, “хичээлээ хий”, “хамтдаа оройн хоол ид” гэсэн гурван үгийн дунд өнгөрчээ. Номын мөр хөөсөн эмээ өвөөгийн буянд тэр одоо Англи, Хятад, Хмер, Тайланд, Франц хэлээр төвөггүй ярьдаг гэнэ. Пном Пеньд амьдардаг ижий аавыгаа эргэчээд өөрийн амьдардаг Сием Рипрүүгээ буцаж байна гэв. Тэр тэнд нэхмэлийн үйлдвэртэй. Хэрэв таны хувцас Made in Cambodia гэсэн шошготой бол Кимийн үйлдвэрт нэхэгдсэн байж ч болох юм. Пном Пеньд ганцхан музей үзсэн би замын турш камбожийн түүхийн талаар олон зүйлийг шалгаав. Ким дургүйцэх нь битгий хэл зөрүүлээд Монголын талаар сөрсөн асуулт байнга тавьж байлаа.
Ким эх оронд нь сэхээтэн маш их дутагдаж байгаа гэв. Пол Потын гайгаар хамаг боловсролтой давхаргаа үгүй хийжээ. Энэ гамшиг түүний гэр бүлийг ч тойрсонгүй. Аавых нь охин дүү энэ их хэлмэгдүүлэлтийн үеээр Пол Потын засгийн газрыг эсэргүүцэж байгаад амь үрэгдсэн гэв. Ээжийх нь талын хамаатнууд ч бас эдлэн газартай хэрнээ өлсгөлөнд нэрвэгдэж үеэлүүд нь амиа алджээ. Хэрэв ийм зүйл тохиогоогүй бол Тайландаас илүү хөгжилтэй байх байж (камбожууд тайландаас илүү гарах хурган зорилготой). Гэвч тэр энэ сул талыг давуу тал гэж хараад 28 насандаа өөрийн үйлдвэрээ нээжээ. Ах дүү тавуулаа боловч Торонто, Сингапур, Австрали, Хятадруу ажиллахаар одсон гэв. Эх орондоо байгаа боломж, ах дүү нарынхаа дэмжлэгээр олон улсад өөрийн бүтээгдэхүүнээ борлуулдаг гэнэ. Тун сэргэлэн юм.
Гэх мэтээр хувийн, хувьсгалын олон сэдвээр бид хоёр ярилцав. Автобус замд зогсох болгонд Ким “би чамайг дайлна” гээд янз бүрийн нутгийн идээ авна. Хоёулаа идчихээд үлдсэнийгээ бусад зорчигчидтой бас хуваалцана. Монгол хүн байнадаа яаж гар хоосон байхав гээд замын өртөөнөөс идэх юм авах гэхээр “наадуул чинь камбож үнэ, гадны үнэ гээд тэнгэр газар шиг ялгаатай үнэ тавиад балайраад байдаг юм, намайг дайлах гэж байгаа бол Монголд очихоор дайл” гээд ер мөнгө гаргуулахгүй. Ярилцаж дотносвол ямар ч хүн сайн хүн байдаг гэж үнэн юм гэж бодогдов. 6 цаг нүд ирмэхийн зуур өнгөрч Сием Рипт хүрсэн бид дахин уулзахын ерөөл тавиад саллаа.
Энд би нөгөө л booking.com-оороо Ladear Angkor Boutique гэдэг буудал захиалсан. Өглөөний цай, 30 минут үнэгүй массажтай хоногийн 40$. Гаднаа 2 усан сантай 4 одтой энэ буудал оюутан хүнд арай л тансагдана. Гэхдээ өнөө орой 10 жилийн жигинаги (жинхэнэ найз) маань ээлжийн амралтаа аваад Монголоос ирж байгаа. Гуялаад хүний 20$ болохоор арай гайгүй.
Удаах өдөр.
Өглөө өлөн дээрээ бассейнд сэлж, цай уучаад хот үзэхээр гарцгаав. Пном Пеньтэй харьцуулахад хамаагүй жижиг энэ хот маш олон буудал, хоолны газар, сувенирны дэлгүүртэй ёстой л аялал жуулчлалын хот. Төвөөрөө засмал замтай ч жижиг гудмуудын ихэнх нь шороон. Сэгсийсэн өндөр мод хурц нарыг хаагаад их нэмэртэй.
Жигинаги бид хоёр Made in Cambodia Market, төв захаар оров. Хоёр зах хоёулаа сонирхолтой. Торго даавуу, хувцас хунар, хоол хүнс, шашны эд зүйлс гээд зарахгүй юм байхгүй. Харин үнээ ер бичихгүй. Лангуун дээр очихоор бид хоёрыг Япон уу, Солонгос уу? гэж асуужийж үнэ хэлнэ. Гартаа юу ч авсан “10$, very good, cheap” гэнэ. Ярихаар 9, 8 гээд бага багаар буулгана. Жигинаги ярьж байгаад заантай футболк 2$-оор авав. Ер нь юмны үнэ 4 дахин бууна. 2-ыг 3-ыг авъя гэвэл бүр сайн буулгана. Хажууханд нэрэлхүү Японууд эхний хэлсэн үнээр нь авч байхыг хараад нарантуул дээр сурсан эрдмээрээ хальт бахархав.
Захаас гараад Pub Street-ээр алхаад, Angkor National Museum буюу Ангкор Ватын түүхийг маш сонирхолтой харуулсан гоёмсог музей үзэв. Музейн барилгатай залгаад тансаг shopping mall, олон орны хоолны газруудтай. Өдөржин байсан ч уйдахааргүй. Билет нь 12$ гээд жоохон үнэтэй ч заавал үзэх газар байна лээ.
Музейг үзээд өөрийгөө олно гэдэг шиг зүйл болов. Багадаа эмээгээ дагаж ганданд ном уншуулж, Богд хааны музейд цам үзэж, орой унтахдаа “сүүн далайг шалбааг байхад сүмбэр уулыг дов байхад…” гэдэг үлгэрийг олон сонссон ч ямар учиртайг нь мэддэггүй байжээ. Улаанбаатар хотын бэлэг тэмдэг Хангарьд шувуу хаанаас ирснийг ч бас мэдэхгүй. Эдгээрийн үүх түүхийг мэдье ч гэж боддоггүй байж. Зураг авахыг хориглосон байсан тул уншигч тантай мэдсэн зүйлээ бичгээр хуваалцая.
Ангкор Ват хотод олон хийд байдгаас эхэн үеийх нь Хинду шашны Vishnu бурхныг тахьдаг. Вишну нь preserver буюу хамгаалагч бөгөөд бүтээгч Brahma (3 нүүртэй), сөнөөгч Shiva (4 гартай, mortal combat дээр гардаг) нарын хамтаар бурхдын оргил нь. Түүний үнэнч хүлгийг Garuda гэдэг нь манай Хангарьд. Гарьдын ээжийг үеэл нь болох Naga могой (dota-д гардаг) хорлосон тул үзсэн газартаа үгүй хийдэг гээд амандаа могой зууснаар дүрслэгджээ.
Сүүн далай, сүмбэр уул бас эдний домог бөгөөд үнээний сүүгээр бүтсэн учраас бурхан луугаа адил гээд үхрийн мах иддэггүй байна. Эрт үед сайн, муу хүмүүс нийлж Сүмбэр уулыг Нагагаар ороож Сүүн далайд хийгээд, толгой сүүлнээс нь татаж гарсан байна. Далай хөөсөрч цөцгий, бяслаг тэргүүтэй цагаан идээ гараад хамгийн сүүлд нь мөнхийн ус гарчээ. Энэ усыг Amrita гэдэг ба сайн муу хүмүүс хэн нь авах уу гээд бөөн хэрүүл болсон тул Вишну бурхан дайны хажуугаар дажин гээд хүмүүст өгөлгүй аваад одож.
Уншигч та эмэгтэй бол дээх нь үед нарны титэмд байсан Амрита нэртэй эрчүүд тайчдаг бар байсныг санаж байгаа байх. Харин эрэгтэй мөртлөө санаж байгаа бол та өвөрмөц “хоббитой” эсвэл тэнд тайчдаг байсан байх нь 😛. Барны эзний санаа айхтар юм. Бүсгүйчүүдэд нүцгэн залуус үзүүлээд, мөнхийн ус уух мэт залуужиг гээд ийм нэр өгсөн байхдаа гэж элий юм бодсоор музейгээ цааш үзэв.
Дараа нь Hanuman нэртэй сармагчингийн тухай уншив. Хануман бол хүчирхэг, ухаантай сармагчин бөгөөд улаан чөтгөрийг дарахад хүмүүст тусалжээ. Түүний домог ам дамжин явсаар Хятадад Сүн Ү Күн болж, Монголд цамын ногоон багтай дүрээр ирсэн байна. Харин улаан багтай цам бол түүнд ялагдсан чөтгөр. Цагаан өвгөний үлгэр ч бас эндээс гаралтай байв.
Цаг хугацаа явахын хэрээр бүс нутгийн уур амьсгалд өөрчлөлт орж, хур бороо багассанаар ургацын хэмжээ ч багасав. Эзэнт гүрний хүч суларч, эд баялаг, тансаглалыг сайшаадгүй Буддын шашин аажмаар дэлгэрэв. Ингэснээр сүүлд баригдсан хийдүүд бурхан багшид зориулагджээ. Нага могой муу дүр байснаа бурхны шашинд Siddhartha-гийн хамгаалагч болсон байна. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж энэ байх.
Эртний үлгэр домгуудыг хийдийн ханан дээр сийлж зурдаг байснаа хялбарчлаад Хмер үсгээр бичдэг болж, сүүлдээ давхарласан таваг хэлбэрийн чимгээр илэрхийлдэг болсон нь явсаар хүрдний эх болсон байна.
Гэх мэтчилэн Хиндугээр зогсохгүй Буддын шашны талаар, Монголын үлгэр домгийн талаар их зүйлийг эндээс мэдэж авав. Жигинагитай ойрхон хоолны газарт үдийн цай уучаад гадаа гартал температур 38 зааж, нохой байтугай хүн ч гаслахаар байсан тул нар хэвийтэл буудалдаа амарцгаав.
Орой нь хоол идэж, шөнийн гудамжны жинхэнэ төрхийг харахаар дахин Pub Street оров. Өдөр хов хоосон байсан гудамж түм түжигнэж бум бужигнаад тэс өөр. Бүх ресторан дүүрэн хүнтэй. Чанасан мах бууз хуушуурнаас бусад бараг бүх хоол байна.
Зам дээр шорлож шарсан хилэнц, аалз, өт, мэлхий гэх мэт сонин жигтэй хоол 2$-р зарна. 5000₮-р шавьж авч идвэл Монголын заяа гомдно гээд авсангүй. Худалдагч нь жинхэнэ камбож үндэсний хоол гэж сайрхах ч нутгийн хүн идэхийг огт харсангүй. Зураг дарах гэсэн 1$ гэж авдаг байгаа. Зальтай гарууд байна лээ.
Хэсэг алхаад Karo Restaurant-д хоол идэв. Юу идсэнээ санахгүй байгааг бодоход онцгүй байсан байх. Харин ханан дээр нь олон улсын туг, мөнгөн тэмдэгтийг хадсан байсан дотор Монголын туг, 100₮ өлгөөтэй байсан нь сэтгэлд дотно үлджээ.
Харих замдаа шөнийн захаар дайрлаа. Массаж хийнэ, хөрөг зурна гэсэн хаяг хаа сайгүй. Хижээл насны ах нар ёжтой инээж ирээд “lady bun bun, one hour 20$, very beautiful, real cambodian beauty” гээд бараг чихдэх нь холгүй. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнийг худалдаж авдаггүй учраас бид хоёр огт нүүр өгсөнгүй. Халуун наранд өдөржин алхаад ядарсан бид хоёр эртхэн харьж маргаашдаа бэлдэн амарцгаав.
Гутгаар өдөр.
Зээ өнөөдөр бол аялалын гол зорилгуудын нэг болох Ангкор Ватыг үзэх өлзийтэй сайн өдөр билээ. Өглөө эртлэн босч цайгаа уугаад, алчуур норгож хүзүүн дээрээ тохоод, устай саваа базаагаад, цаг хугацаагаар аялахаар өчигдөр орой захиалсан түк-түкдээ сууцгаав.
Тухлаг том түк-түктэй манай жолооч англиар хагас хугас ярина. Хөдөө газар тариалан эрхэлдэг байснаа хоёр жилийн өмнө мотоцикл аваад гэр бүлээ үлдээгээд мөнгө олохоор хотод иржээ. Буудлуудаар дамжуулж захиалга авдаг түүний өдрийн хөлс 27$. Зөөврийн хөргөгчиндөө мөс, нэлээн хэдэн цэвэр ус нөөцөлсөн тэр маш эелдэг зантай.
Бид гурав Angkor Wat — Ta Prohm — Ta Keo — Victory Gate — Terrace of the Elephants — Phimeanakas — Baphuon — Bayon гэсэн дарааллаар яваад хамгийн сүүлд Pre Rup хийд дээрээс нар жаргахыг харах төлөвлөгөөтэй. Эхлээд нутгийн удирдлагын байранд цээж зургаа авахуулж, нэг өдрийн билетийг 37$-р авав. 3 өдрийнх 62$, долоо хоногийнх 72$-ын үнэтэй. Тухтай үзэх бол олон өдрийн билет авсан нь зүгээр юм байна лээ.
Хар халуунд 10 минут давхиад Ангкор Ват дээр ирлээ. Хийдрүү гүүрээр ордог ба гүүрний ойролцоо маш олон хөтөч “намайг ав намайг ав” гээд зогсоно. Халтуурны хөтөч өдрийн 10$ орчмоор явна. Бараг бүх хэлний хөтөч байна. Оюутан бололтой нэг залуу түк-түкнээс буусан даруй бидэн дээр ирж “Хаанаас ирсэн? Хөөх Монгол юм уу! Би сайн мэднэ, Монголын эзэнт гүрэн хүчирхэг байсан тийм ээ?” гээд янз бүрийн юм яриад сайн найрч байна шүү. Эелдэг, шаргуу, хандлага сайтай юм. Харамсалтай байна, бид хөтөч авахгүй гээд татгалзтал дурамжхан хоцров.
Жоохон алхтал араас чангаар дуудаж байна. Эргээд хартал “You know 700 years ago, Khmer Mongols fight. We won!” гэж авдын. Элгээр явах шахав. Бид нар гадаадуудад “Манай Чингис хаан танайхыг эзэлсэн” гэхээр нэг иймэрхүү л сонсогддог байхдаа.
Хурган шар гозойгоод түүхэнд юу гэж бичсэн байна уншиж үзэв. Хальт мөргөлдөөн гарч яалт ч үгүй Хмер ялсым байна. Харин тухайн үеийн Jayavarman VIII хаан Хубилайн Юань гүрэнтэй дайтахаас эмээж, элч илгээн уучлал хүсч, энхийн гэрээ байгуулан жил бүр алба гувчуур хураалгадаг болсон байна. (Тэгж л таарна 😛)
Дараагийн газар бол Та Пром (XII зуун) хийд. Ангкор Ватаас арай жижиг хэмжээтэй чулуугаар өрж хийсэн. Хээ угалз гэхээсээ хананд ухаж сийлсэн бурхан багшийн дүр ихтэй. Өндөр модны үндсэнд идэгдээд нэлээн нурж гэмтсэн байв. (Анхны хайрдаа дурладаг чинь эндшдээ)
Та Кео нь арай эрт буюу X-р зуунд баригдаж эхэлсэн боловч эзэн хааныг нас нөхцсөний дараа ажил нь зогсжээ. Хээ угалз чимэглэл багатай энэ хийд орчин үеийхээр “минималист” загвартай.
Монголын нар тэнгэрийг туяаруулж жаргадаг бол Камбожийн нар нилд нь улайруулах нь их сонин. Эргэн тойрон нам жим болохтой зэрэгцээд шөнийн явдалт амьтдын дуу аажмаар чангарна. Ирсэн жуулчид харин аялалдаа ядарсан бололтой аяархан шивнэлдэж ярина. Дараа ирэхдээ мандах нарыг заавал үзнэ ээ.
Бүх төлөвлөгөөгөө дуусгасан жигинаги, жолооч бид гурав хотыг зүглэв. Нар жаргасан ч халуун салхи үлээгээд ядарсан биеийг улам зүдрээнэ. Шөнийн захаас дурсгал болгож заантай футболка, али баба өмдийг 20$-оос ярьж байгаад 6$-р авав. Уг нь 5$-р авах гэсэн ч худалдагч бүсгүй мөчөөгөө өгсөнгүй.
Бангкок орох автобусны билетээ бас авлаа. Ашгүй суудал байна. Жолоочдоо баяртай гэж хэлээд харих замдаа манго салат авч идсэн ёстой явсангүй. Менежер нь харин анх удаагаа ирсэн зочдод өгдөг гээд нимгэн даавуун ороолт өгөв. Хар хослол, хар шаахай өмсөөд хүзүүндээ зүүвэл улаан хмер шиг харагдахаар золиг байна.
Өрөөндөө харьсан бид хоёр 30 минутын үнэгүй массажаа хийлгээд үзсэн зүйлээ ярилцан маргааш хонох буудлаа хайцгаав. Би гэрээсээ гараад 10 хоножээ. Маргааш 3 дахь улс, 5 дахь хотдоо очно. Инээмсэглэлийн орон Тайландын нийслэл Бангкок.
Ангкор Ватыг 3 өдөрт үзэх боломжтой. Өртөг жоохон өндөр. Заавал түк-түк гэлтгүй дугуй прокатлавал өдрийн 2$. Unlimited data SIM 5$. Мандах эсвэл жаргах нарыг заавал үзүүштэй.