Камбож, Пном Пень.
Зүүн өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл 3
Нийт хоног: 1 шөнө 2 өдөр / Нийт зардал: 85,000₮ / Очууштай: S21 / Идүүштэй: Eleven One Kitchen-н Амок
Өглөөний цайгаа ууж дуусахын алдад скүүтэртэй залуу ирж олон улсын автобусны буудалруу үнэгүй хүргэж өгөв. Автобус яг цагтаа буюу 8 цагт Камбожийн хаант улсыг зорин хөдөллөө. Монголын орон нутгийн автобустай адилхан том, нутгийн иргэдээс гадна үүргэвчтэй аялагчид их сууна. Хоёр цаг хэртэй яваад Moc Bai шалган нэвтрэх дээр ирээд хил давах гэж цаг гаруй болов.
Хил даваад жоохон явахад эргэн тойрон эрс өөрчлөгдөв. Камбож талын дэд бүтэц муу, засмал замгүй болохоор тоос босоод улаанаараа эргэлдэнэ. Зам дагуу чимэглэл ихтэй зочид буудал, гял цал хаягтай казино, сүрлэн дээвэртэй байшин зэрэгцээд нэг л эв хавгүй. Жоохон явтал Хятад хаягтай 10-аад казино харагдав. 1996 онд гадны жуулчид, тэр дундаа урд хөршийн жуулчдыг татах зорилгоор мөрийтэй тоглоомын хуулийг баталсан байдаг. 20 гаруй жил өнгөрсөн ч сүрэл дээвэртэй байшинд эсвэл цонх хаалгагүй төмөр хавтан оромжинд амьдардаг хэвээрээ байгааг харахад хөгжилд хөтлөөгүй бололтой. Ашиглалтанд орсон 2 давхар шинэ таунхаусууд харагдах ч бүгд эзэнгүй хоосон. Хааяадаа турж эцсэн үхэр сүрэг бэлчинэ.
Шороо татуулсаар өдрийн хоол идэхээр замын гуанзанд зогсов. Камбожийн мөнгөн дэвсгэртийг Riel гэдэг ба 4000 рил нэг ам.доллартай тэнцэнэ. Бүх газар $, рил хослуулан хэрэглэх нь сонин. Жишээ нь 6000 рилийн юм авахдаа 5$ төлвөл хариулт нь 3$, 2000 рил. Гуанз ариун цэврийн хувьд тун базаахгүй харагдсан тул түцнээс талх, печень авлаа. Гадаа нь сэнжтэй төмөр аяга барьсан нэлээн хэдэн хүн мөнгө, идэх юм юу ч хамаагүй өгөөч гэж гуйна. Авсан талхныхаа талыг хугалж өгөөд автобусандаа суув. Миний хажууд Rajesh гэдэг Энэтхэг залуу сууж байгаа. Саигонд IT инженерээр ажилладаг тэрээр хамт олноороо Пном Пенийг үзэх санаатай. Хов базангаа Камбожийн хөдөө нутгийг цонхоор ажиглалаа. Замын хажуугаар хог их хаясан нь Монголын хөдөөг санагдуулна.
Гуанзнаас хөдлөөд цаг гаруй явтал зам засмал болж, эргэн тойрон шар элсэн талаас ногоовтор өнгийн тариан талбайнууд болов. Үхэр сүргүүд турж эцсэн хэвээрээ л. Бараг уулгүй энэ нутагт халуун хуурай улирал иржээ. Чийг багатай учраас сүүдэр бараадвал арай сэрүүхэн. “4, 5 сард ирээгүй та нар азтай байна” гэж автобусны хөтөч хэлэв. Гадныхан байтугай бид ч тэвчихэд бэрх гэнэ. Бараг л амьдын там гэчихлээ шүү.
Хүн амын 98% нь хөрслөг бор царайтай Хмер үндэстнээс бүрдэх Буддын шашинт энэ улс, IX~XV зууны үед “Хмерийн эзэнт гүрэн” гэгдэж, зүүн өмнөд азийг захирсан хүчирхэг гүрэн байв. Гэвч энэ бүхэн өнгөрсөн түүх бололтой, орон нутгийн иргэдийн амьжиргаа тааруу, хүчтэй түлхэхэд салаад уначмаар байшинд амьдарцгаана. Тэгсэн хэрнээ айл бүр урдаа алтан шаргал суваргатай, сүм хийд нь сүрлэг томыг харахад бурханд л залбирч байвал бусад нь хамаагүй гэлтэй.
Меконг мөрөнг гатлаад, Пном Пеньд 15:30-д хүрэв. 1865 онд нийслэл болсон энэ хот 680км2 нутагтай 1.5 сая хүн амтай 13.2 тэрбум $-ын эдийн засагтай (УБ 4700км2, 1.4 сая, Монгол улс 10 тэрбум $). Нэр нь Пенийн уул гэсэн утгатай (Пень гэж эмэгтэй хүний нэр). Вьетнамтай адил Францын колони байсан болохоор барууны хэв маягийн төлөвлөлттэй (1953 онд тусгаар тогтносон). Гэхдээ Ханой, Саигоныг бодвол гудамж талбай нь хамаагүй өргөн, хоггүй цэвэрхэн, алхахад тухтай.
Автобуснаас буунгуут мотоциклны ард суудалтай бүхээг залгасан түк-түкийн жолооч нар хаашаа явах уу, хүргээд өгье гэж чангаана.
Маргааш Siem Reap-рүү явах тул өнөөдрийн дотор гол гол газруудаа амжуулна. Нийт 5 газар үзэхээр google map дээрээ тэмдэглэсэн байснаа жолоочид үзүүлтэл 20$-оор явна, доошоо байхгүй гээд үнэрхэж байна. Тэгвэл суухгүй гээд хаяаад явтал араас 15$-аар явъя аа гэсэн ч оюутны хэтэвчинд хүнддэх учраас тоосонгүй.
Азаар манай автобус зорьсон газрын нэг болох төв захтай ойр зогссон тул алхаж очив. + тэмдэг хэлбэрийн төлөвлөлттэй энэ барилгын жигүүр бүр өөр тасагтай. Саигонд орсон Бэн Тан захтай харьцуулвал махны тасаг нь том. Камбож үндэстэн далайн бүтээгдэхүүнээс гадна үхрийн мах их иддэгээрээ зэрэгцээ бусад орнуудаасаа ялгаатай. Хоолны тасгаар орсонч эхүүн үнэрт нь цохиулаад дуршил төрсөнгүй.
Захаас гараад галт тэрэгний өртөөг чиглэн алхлаа. Нар төөнөөд айхтар халуун. 5-хан кг үүргэвчиндээ түүртэв. Камбожууд манайхан шиг том машинд дуртай бололтой ланд, лексус ихтэй. Мэр сэр приус харагдана. Түк-түк импортлодог байснаа саяхнаас дотооддоо үйлдвэрлэдэг болсон гээд цагаан өнгийн 3 дугуйтууд явна. Ихэнх орон сууц цонхгүй. Оронд нь төмөр тор эсвэл тоосгон хашлагатай. Ийм халуунд салхи оруулахаар ингэж шийдсэн бололтой.
10 минут алхаад төв өргөн чөлөө болох Канадын гудамжаар дайраад галт тэрэгний өртөөн дээр ирэв. Өртөөний эсрэг талд өндөр шилэн барилга, алтан суварга харагдана. Хүлээлгийн танхимд хааны гэр бүлийн зургийг томоор өлгөсөн байв. Орон нутгийн галт тэрэг цөөхөн явдаг бололтой бараг хүнгүй. Өртөөний урд зогсох скүүтэртэй залуугаас таксинд явах уу асуулаа. Хааны ордон, төв талбайгаар ороод хэлмэгдэгсдийн музей явна, 5$-р өгье гэсэн 6$-гаар явъя гэж байна. Уухайн тас ард нь суугаад давхиж гарав. Алхаснаас хамаагүй сэрүүхэн, дээр нь цаг хэмнэв. Жуулчин цөөтэй газраас такси авбал орон нутгийн ханшаар явах магадлал өндөртэй.
Хааны ордон чамин ганган чимэглэлтэй, Хмер загвартай. Хашаагаар нь хальт ороод эсрэг талд нь байрлах хотын шүүхийн барилгыг ч сонирхож амжив. Энэ хооронд жолооч залуу зогсоол дээр намайг хүлээнэ. Хэдэн зураг дараад төв талбайгаар орж эзэн хааны хөшөө, тусгаар тогтнолын хөшөөг үзлээ. Эргэн тойронд нь өндөр барилгууд сүндэрлэнэ. Тайландтай энхийн гэрээнд гарын үсэг зурсан дурсгалт хөшөөг замаараа харчаад хэлмэгдэгсдийн музейн гадна ирээд мөнгөө төлөв (хоёр улс 2008 он хүртэл хилийн маргаантай байсан).
Хэлмэгдэгсдийн музейг Tuol Sleng Genocide Museum гэх ба S21 гэж товчилдог. Хашаагаар нь ороход л нурууны үс босон дотор жихүүцэж, халуун өдөр ч даармаар энэ газар хүн төрөлхтөний хамгийн гашуун түүхүүдийн нэгийг өгүүлнэ. Саяхан буюу 1975–1979 оны хооронд Pol Pot-ын удирдлага дор болсон их хядлага юм. Марзан нэртэй энэ хүн 1928 онд тариачин айлд мэндэлж, идэр насандаа Парист холбооны техникчээр сурсан боловч сурлага муутайн улмаас төгсөж чадалгүй буцжээ. Нутагтаа ирээд түүхийн багшаар ажиллахдаа Камбожийн коммунист намд элсэн улс төрийн гараагаа эхэлж, хүчирхэг эзэнт гүрнээ дурсан санаж “Улаан Хмер” зэвсэгт хөдөлгөөнийг үүсгэн байгуулав. Уг хөдөлгөөний гол уриа нь “чөлөөт зах зээлийн тогтолцоог халж, хүн бүр тариачин болсноор Камбож улс мандан бадарч, цэнгэлийн манлайд хүрнэ” юм. Ер нь бол дундад зуунруугаа буцая гэсэн үг. Энэ талаараа манай Босоо Хөх Монголтой төстэй.
Мао Цзедун, Ким Ил Сунгтай нягт холбоотой тэрээр зэр зэвсгийн дэмжлэгтэйгээр засгийн газрын армийг ялж, 1975 онд Улаан Хмерүүд нийслэлийг эзлэв. Дараа жил нь ерөнхий сайд болсон Пол Пот туйлын зорилгоо биелүүлэхээр төв банкыг хааж, мөнгөний хэрэглээг халж, хотын иргэдийг хүчээр хөдөө нүүлгэж, бүх хүнд хар хувцас өмсгөж, газар тариалан эрхлүүлэв. Үүгээр ч зогсохгүй трактор зэрэг техник технологи хэрэглэхийг хорьж, газар хагалах анжис хадуурыг хүртэл хурааж авав. Ургац эрс багасч, хураасан жоохон будаагаа зэвсэг авах зорилгоор гадаадруу экспортлов. Орон даяаар өлсгөлөн нүүрлэж түүнийг эсэргүүцэгчид олшров.
Суудлаа алдахаас айсан тэрээр, түүнийг тууштай эсэргүүцдэг эмч, багш, инженер зэрэг дээд боловсролтой давхаргыг гадны тагнуул туршуул нэрээр цагдан хорьж, эрүүдэн шүүж, тамлаж эхлэв. Ингэхдээ орон даяаар 167 ахлах сургуулийн байрыг хааж, “байцаалт авах байр” болгон Улаан Хмерүүдээ суулгасаны нэг нь S21 музей юм.
Улаан Хмер нь бичиг үсэг тайлагдаагүй 20 орчим насны залуусаас бүрддэг байв. Хэлмэгдүүлэлт гаарч, гадаад хэл мэддэг бол тагнуул, шар царайтай бол урвагч хэмээн барьж хорьдог болов. Хөхүүл эхийг үртэй нь, настан буурлыг таягтай нь хорино. Нэг хоригдсон л бол эргэж ирэхгүй. Аргаа барсан зарим иргэд Вьетнамруу дүрвэж “Эх Орноо Аврах Арми” байгуулан тус улсаас дэмжлэг авч нийслэлрүү довтолсноор 1979 онд Пол Потын засгийн газрыг буулгасан байдаг. Түүнийг засгийн эрхэнд байх хугацаанд нийт 2 сая хүн амиа алдсан нь тухайн үеийн Камбожийн хүн амын 25% буюу дөрвөн хүн тутмын нэг гэсэн үг юм.
Зөвхөн S21-т л гэхэд 20,000 орчим хүн хэрцгийгээр тамлуулж амиа алдсан байдаг. Энэ нь өдөрт дунджаар 20 хүн гэж бодохоор аймшигтай. Хоригдсон хүн бүрийн цээж зургийг авч нийтээр нь хичээлийн танхимд чигжиж, дунджаар 3 хоног эрүүдээд, үхлүүт болонгуут нь ойролцоох ойд ухсан том нүхэнд аваачиж олноор нь булдаг байв. Хэн хаана амь үрэгдсэн нь тодорхойгүй учраас ар гэрийнхэн нь энэ музейд ирж зул асааж, хүж өргөдөг болохоор нутгийн хүмүүс үнэгүй орно (жуулчин 5$).
Пол Потын засаглал бол Камбожийн түүхэн дэх хамгийн тод хар толбо юм. Хүмүүсийг тамласан Улаан Хмерүүд, дотны хүнээ алдсан хүмүүс одоо ч амьд сэрүүн (Пол Пот өөрөө 1998 онд нас барсан). Өндөр соёлтой арвин түүхтэй Камбож, цус нь хөөрч “Камбож ялна!” гэж орилох Улаан Хмерүүд болон тэднийг залах популист удирдагчийн дор гуравхан жилийн дотор улс биш там болон хувирч, өөрөө өөртөө ялагдсан гашуун түүхийг энд үзэв. Боловсрол нимгэн, иргэдийг хооронд нь турхирсан, увайгүй удирдагч төрийн эрхэнд гарах ийм аюултай. 1933 онд Лхүмбийн хэргээр эхэлсэн Монголын хэлмэгдүүлэлттэй харьцуулахад тооны хувьд хамаагүй их ч агуулгын хувьд адил төстэй явдал болжээ.
Пол Пот, Улаан Хмерүүдийг үнэн голоосоо үзэн ядсаар музейгээс гарав. Гадаа бүрэнхий болоод сэрүүхэн болжээ. Энд өглөөний хоолгүйгээр хостел захихад 7$ болсон (тулгаж захисан болохоор арай үнэтэй туссан). Хоолны лангуу эгнэсэн гудамжаар зураг авангаа хостелоо олохоор алхлаа. Камбожууд кофе, бялуунд дуртай бололтой Starbucks, The Coffee Bean & Tea Leaf, Tous Les Jours, нутгийн кафе бэйкеринүүд их харагдана. Бүх газрууд гадаанаа ширээ сандалтай. Жилжингээ гадаа сууж хүйтэн пиво шимж болно гэхээр бүр нэг атаархмаар. Юу бодож байгааг минь мэдэхгүй хүүхдүүд камер хараад хоёр хуруугаараа “V” гаргах нь өхөөрдмөөр. Тэдний дотны хүн ч бас хэлмэгдсэн байхдаа…
Удалгүй нар жаргаж улаан ягаан өнгөөр зүсээ хувиргах тэнгэр нь Вьетнамынхаас огт өөр. Нэг их удалгүй хостелоо олов. Колонийн үеийн баян айлын хаус байсан гэмээр сонгодог загвартай, том хашаатай, дөрвөн давхар барилгаруу орлоо. Дотор засал нь ч бас сүртэй юм. Өрөөндөө найман ортой ч надтай нийлээд гурван хүн байрлаж байв.
Цүнхээ тавьж мөрөө амраачаад хоол идэхээр гарлаа. Шөнийн зураг авахаар камераа авав. Гадаа нам гүм, машин хүн цөөтэй. Хостелоос 5 минутын зайтай газар үндэсний болон европ хоолтой Eleven One Kitchen-д оров.
Танай нутагт анх удаагаа ирж байна аа, нутгийн сайхан хоол идье ээ, элдэв харшил байхгүй ээ, хүйтэн пиво бас ууя аа гэсэн зөөгч нь за л гэж байна. Саигонд идсэн тахианы савар мартагдаагүй бага зэрэг эмээж л суулаа.
Нээх удалгүй бананын модны навчин аяганд хийсэн карри шиг шөл, таваг будаатай аваад ирлээ шүү. Үзэмж үнэр сайтай, загас болон наргил модны самартай, бага зэрэг чихэрлэг, сайхан амттай энэ хоолыг “Амок” гэдэг. Задгай пиво нь ч дажгүй юм. Хоолоо идэнгээ Амок нэртэй найздаа “чамайг идэж байна” гээд инстаграмын сторидоо мэншон хийлээ. Жоохон гэй л юм, гэхдээ яадын тэ. Хэрвээ та энд ирвэл энэ газраар ороорой.
12,500₮-г төлөөд хоолоо шингээнгээ гадуур жоохон алхчаад, хостелдоо ирж Сием Рип орох автобусны билет захив. Маргааш 11:30-д түк-түк ирж авна, 15$ болно гэж байна. Ирээд авчдаг болохоор цаг хэмнээд амар юм.
Автобусанд суутлаа газар үзэхээр өглөө эртлэн бослоо. Хостелийн дээврээс эргэн тойрноо нэг харчаад сүм хийдийг нь сонирхохоор гарав. Бүтэн сайны өглөө гадуур бараг хүнгүй. Харин хоолны газрууд аль эрт үүдээ нээжээ. Гадаа саравчинд тавьсан сандал ширээ чамин бөгөөд тухтай харагдана.
Төв талбайн хажууханд байрлах Wat Langka хийдэд ирэв. Алтан эмжээртэй улаан дээвэртэй цагаан барилгад лам нар өглөөний ном хурна. Хашаан дотор бондгор банди хөл нүцгэн хог шүүрдэнэ.
Тойроод алхаж байтал нэг лам шар шүхэр бариад хашаагаар гарахаар нь дагаад алхлаа. Бор богц резинэн шаахайтай залуу лам айлын үүдэнд гартаа барьсан төмөр хонхоо сэгсэрмэгц хөл нүцгэн эмэгтэй хүн гарч ирж алгаа нийлүүлээд адис авна. Лам маани уншиж байгаа бололтой эзэгтэй хэсэг бөхийн зогсоно. Мааниа дууссан лам хонхоо дахин нэг сэгсрээд дараагийн айлруу явна. Ийм маягаар ойр хавийн бүх айлаас нэг хүн гарч ирж адис авахыг харахад аргагүй шашинлаг хүмүүс юм.
Өглөөний цай уухаар өчигдрийн газартаа дахин очив. Дахиад нутгийн хоол идье гэсэн за л гэж байна. Lime-н шахсан шүүс, газтай ус бас захиалав. Num Banh Chock гэдэг үхрийн махтай ногоо ихтэй богинохон гоймонтой энэ хоол дээрээ шарсан өндөгтэй, доороо бага зэргийн халуун ногоотой улаан шөлтэй. Гурил нь шалчийсан байцаатай цуйван шиг санагдав. Ийм хоол 10,000₮-р идсэн гэхээр арай арай.
Ай байцаатай цуйван чи Камбожид хүртэл намайг зовоох гэж…
Гарч нутгийн бэйкеригээс 5000₮-р 2 талх, том савтай цэвэр ус аваад хостелдоо очиж автобус ирэхийг хүлээлээ. Яг цагтаа ирж байна шүү. Ингэж дараагийн хот Сием Рипрүү хөдөлснөөр аялалын маань 3 дахь бүлэг өндөрлөв.
Пном Пеньд 2 өдөр байхад хангалттай. Гадаад үнэ, Камбож үнэ гээд Монгол шиг жуулчдад ялгавартай ханддаг болохоор өртөг өндөртэй. Вьетнамын дараа очсон болохоор үнэтэй санагдсан байж ч магадгүй. Хямд аялъя гэвэл гадуур хоол идэлгүй нутгийн бэйкеригээс талх авбал зүгээр. Сонголт ихтэй бас амт сайтай. Онлайнаар аялалын виз авахад 36$ болсон.