Вьетнам, Хо Чи Мин.
Зүүн өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл 2
Нийт хоног: 2 шөнө 3 өдөр / Нийт зардал: 100,000₮ / Очууштай: Бэн Тан зах / Идүүштэй: The Workshop Coffee-н бургер
Ханойгоос Хо Чи Мин орох нислэг маань 9:45-с. 2 цагийн өмнө очих ёстойн дээр буудлаас нисэх хүртэл цаг гучин минутаас илүү явна гэж тооцоолоод 6 цагт гарахын тулд 5:30-д сэрэв. Өрөөнийхөн маань бүгд унтаж байв. Тэднийг сэрээхгүй гээд чимээгүйхэн нүүр амаа угаагаад өчигдөр орой бэлдэж тавьсан цүнхээ үүрээд доош буулаа. Check-out хийнгээ угаалгахаар өгсөн байсан хувцасаа авч цүнхлээд, зүс таних буудлын ажилтанд талархаад, автобусны буудлын зүг алхлаа (1кг хувцас угааж индүүдэж эвхээд 5000₮).
Нисэх чиглэлийн 58 дугаартай автобусыг хүлээж суутал гэдэс дугарав. “Цайгаа уучаад гардаг байж уу? Онгоцноосоо хоцорвол илүү зардал гарнашдээ. Гэхдээ буудлын цай үнэгүйшт. Гүйээ цай уусаар байтал түгжрээ эхлээд яг хоцорно, шал дэмий” гээд миний дотор өлсгөлөн, ядуу хоёр оюутан маргалдана. Ай оюутны амьдрал аа гэж.
Ингэж суутал 58 дугаар урдаа Express гээд бичцэн хүрээд ирэв. Шуурхай үйлчилж байгаа болохоор 3500₮-г авна гэж байна (ирэхэд энгийн нь 900₮ байсан). Үнэхээр ч хурдан юм 40 минут л явав. Автомат машинаар check-in хийгээд, гар тээшээ шалгуулж дуустал цаг яг 7. “Ийм эрт ирэх байсым бол цайгаа уучаад гарах байсышдээ!” гээд өлөн оюутан загнаж байна.
Түүнийг хурдан дуугүй болгохоор жижиг кафед орлоо. Phoebe (хөтөч) өндөгтэй кофе туршаарай гэж хэлсэн нь санаанд оров. Өндөгтэй кофе, үхрийн махтай бан мин захиалаад яаж хийхийг нь ажиглав. Өндөгний шарыг ялгаад дээр нь цайны халбагаар молоко хийж, холигчоор хөөсөртөл нь хутгана. Халуун хар кофен дээр өндөгөө зөөлөн хийгээд нунтаг шоколад цацаад болох нь тэр. Дайны үед хоол хүнс хомс учраас ийм кофегоор дутагдсан тэжээлээ нөхдөг байсан гэнэ. Мэдээж молоко, нунтаг шоколадгүйгээр.
Өвөрмөц хэрнээ сайхан амттай байлаа. Бан мин ч сайхан болж. Энэ хоёр нийлээд 9500₮. Ашгүй өлөн оюутан амаа хамхилаа. Ядуу оюутан ч юм дуугарахгүй байхыг бодоход сэтгэл цадсан бололтой номоо тайван уншингаа нислэгээ хүлээлээ. Нислэгийн тизийг VietJet нэртэй LCC (low-cost carrier)-ийн албан ёсны веб хуудсаас 195,000₮-р авсан. Хоолгүй, ачаагүй бас эрт авсан болохоор хямд туссан.
Онгоцонд ороод номоо шагайж суутал 2 цаг ч бололгүй зорьсон газартаа хүрэв. Вьетнамын нийслэлээс ирсэн гэсэндээ том том алхаад Там Сон Нат нисэхийн автобусны буудлыг сурамгай оллоо. Эндээс Quan 1 буюу 1-р дүүргийн Ben Thanh Market (Бэн Тан зах) орвол захиалсан хостелруугаа 10 минут л алхана. Шар өнгийн Daewoo маркын 109 дугаартай автобусанд өөр гурван үүргэвчтэй аялагчийн хамт суув. Доторх нь шил толь. Нийтийн тээвэр цэвэрхэн байж болдог л юм байна. Билет 5км дотор 1200₮, түүнээс дээш бол 2000₮ гэсэн хоёр тарифтай. Мөнгөө төлснөөр аялалын маань 2-р бүлэг эхэллээ.
Эхний өдөр.
Хо Чи Мин хот урьд нь Saigon нэртэй байсан ба олон улсад энэ нэрээрээ танигдсан. 2000км2 нутагтай 8.6 сая оршин суугчтай 60 тэрбум $-ын эдийн засагтай (УБ 4700км2, 1.4 сая, Монгол улс 10 тэрбум $). Ханойг захиргааны нийслэл гэвэл Саигонг эдийн засгийн нийслэл гэнэ. Колонийн үеийн том боомт байсан энэ хот чамин барилга, өргөн чөлөөгөөрөө алдартай болохоор “алс дорнодын Парис” гэгддэг байв. Энэ бүгд үнэн гэдэг нь автобусны цонхоор тодхон харагдана.
Ханойтой харьцуулвал барилгууд нь шинэ, илүү өндөр, шилэн фасад ихтэй. Гудмууд нь цэвэрхэн, жигд ургасан өндөр мододтой, мод болгон дугаартай. McDonalds, KFC, Pizza Hut, Circle K, Starbucks, Tus Les Jours ихтэй. Солонгос гоо сайхны барааны реклам хаа сайгүй, хааяа бас Oriflame харагдана. Сүлжээний бизнес Монгол гэлтгүй хаа сайгүй л газар авдаг бололтой. Олон машинтай ч түгжрэх хэмжээнд биш (toyota fortuner болон hyundai ихтэй). 30 минут орчим яваад Бэн Тан захад хүрэв. Автобуснаас буутал хөлс урсам бүгчим халуун агаар угтлаа.
Энд бас booking.com-р Himalaya Phoenix Saigon нэртэй хостелд 3 шөнө 4 өдөр, өглөөний цайтай захиалахад 28,100₮ болсон. Оюутны түрийвчинд ээлтэй гэж жигтэйхэн. 4 ширхэг давхар ортой “зөвхөн эрчүүд” гэсэн хаягтай өрөөнд орж ачаагаа тавиад жоохон амсхийчээд цаг эрт байсан тул газар үзэхээр гарлаа. Гараад алхаж байтал нэг залуу миний гуталруу учир зүггүй заагаад дохиод байх юм. Гайхаад яасан гэтэл “гутал чинь халтар байна, тослоод өгье” гэж байна. Хэрэггүй ээ, ажлаар биш аялалаар явж байна гэсэн “сайхан залуугийн гутал цэвэрхэн байх ёстой” гэнэ. Бас панаалтай байгаам шүү. Хальт ичих ч шиг. Кет биш арьсан гуталтай явсан бол арганд нь ороод тослуулаад зогсох байсан даа.
Ингээд халтар кеттэйгээ Tao Dan цэцэрлэгт хүрээлэнгээр алхангаа халуун орны цэцэг навчийг тамшаачаад, замын хажуугийн мухлагаас цэвэр ус, бан мин авч үүдэнд нь сууж идэв (2500₮). Худалдагч бүсгүй их эелдэг юм. Хэл ойлгохгүй ч, хашаа явж байгааг асуугаад байгаа бололтой, төлөвлөгөөгүй явна гэтэл дайны ул мөрийн музей булан тойроод байгаа очоорой гэж байна. Ер нь Вьетнам хүмүүсийг хараад байхад их сониуч бас эелдэг юм. Энэ бүсгүй хэлээгүй бол би тэр музейг харсан ч орохгүй байсан байх.
Мухлагаас гараад булан тойртол музей яг байна шүү. Ханойд үзсэнээс өөр гэж найдаад билет аваад орлоо (4000₮, оюутан 2000₮). Хашааруу нь ортол ягаан өнгөн дээр улаан цэцгэн хээтэй дээл өмсч, гурвалжин сүрэл малгай толгой дээрээ тавьсан бүсгүй явж байв. Маш гоёмсог бас дэгжин. Аливаа үндэстэнд тухайн орны үндэсний хувцас хамгийн гоё зохих юм. Монголчуудад дээл, Япончуудад кимоно Солонгосуудад хамбуг гэх мэт (Вьетнам үндэсний хувцасыг Ao Dai гэнэ). Ховор олдох боломжийг ашиглах санаатай зураг авч болох уу гэсэн ичсэн үү яасан үгүй гээд яваад өглөө. Дотроос ядуу оюутан “гутлаа тослуулсан бол зөвшөөрөх байсандаа” гээд шоолж байна. Тийм юм ч гэж байхгүй байх аа!
Музейрүү их л өөдрөг орсон би нэг цагийн дотор гүн хямралд оров. Энд 17 жил 2 сар үргэлжилсэн Вьетнамын дайныг дэлхийн II дайн, Солонгосын дайнтай харьцуулж, дайныг зогсооход сэтгүүл зүй ямар чухал үүрэг гүйцэтгэсэнийг, дайны хор уршиг хойч үед юу үлдээснийг маш ойлгомжтойгоор тархинд биш зүрхэнд хоногштол үзүүлжээ. Америкийн арми нийт 676 тэрбум $ зарж (IIд:341, Cд:54), 14.2 сая тонн бөмбөг хаяж (IIд:5, Cд:2.6), 3 сая Вьетнам хүн амиа алдаж (үүний 2 сая нь жирийн иргэн), 2 сая хүн шархдаж, 300,000 хүн сураггүй алга болсон байна (58,000 Америк цэрэг амь үрэгдсэн). Итгэхийн аргагүй тоонууд ямар ширүүн дайн болсныг өгүүлнэ.
Өнөөдрийг хүртэл Вьетнам улс цэргийн хүчээр ялсан гэж бодож байсан маань буруу байж. Тухайн үед зургийн аппарат хурдацтай хөгжиж, сэтгүүлчид үзэг цааснаас гадна камер барьж сурвалжлагад гарах нь хэвийн үзэгдэл болсон байв. Дэлхийн олон орны сэтгүүлчид дайны бодит төрх, үнэн зөв мэдээллийг фронтын голомтоос цацаж байсан нь Америкийн нэр хүндэд нөлөөлж, энх тайвны төлөөх жагсаал нийслэл Вашингтон төдийгүй дэлхийн олон хотод өрнөх болсон байна. Уншигч та санаж байгаа бол Forest Gump кинонд дайнаас ирсэн Forest, Линкольний нуурын урд тайзан дээр санамсаргүй гарч үг хэлдэг нь энэ жагсаал байдаг. Дайны тухай фото зургууд сонин хэвлэлд олон гарч байсны дунд нэгэн охин зам дээр уйлаад нүцгэн алхаж байгаа зураг дэлхий нийтийг цочроов. Энх тайвны хөдөлгөөн хаа сайгүй ширүүсч НҮБ-ээс авахуулаад холбоотны улсууд хүртэл Америкт шахалт үзүүлснээр Ричард Никсон ерөнхийлөгч армиа татах шийдвэрт хүрсэн байна. Тэд буугаар бус камераар, цэргээр бус сэтгүүлчдээр ялалт байгуулсан.
Дайнаас гадна босогчдыг хорьдог байсан шорон, Agent Orange буюу Шар Туршуул хэмээх химийн бодисын (dioxin, TCDD) хор уршгийг үзүүлсэн нүд хальтрам зургуудыг ихээр тавьсан байв. Шар туршуулыг шигүү ой, ардын армийн ургацыг хатаах зорилгоор нийт 18,210км2 нутагт 75 сая литрийг цацсанаар ой мод бүхэлдээ хатаж, хордсон хүнээс төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй нярай төрөх болсон байна (хэт мэдрэмтгий бол дээрх зургуудыг үзэхгүй байхыг зөвлөе). Нүдэнд нулимс цийлэгнэж, байж суухын аргагүй болж бушуухан гармаар санагдав. Диоксины хор уршиг удам дамждаг ба хордогсдын хоёр гурав дугаар үе гудманд тэргэнцэр дээр суугаад бохь, нойтон салфетка зарахтай олон таарна. Саяхан Сирийн дайнаар засгийн газрын арми химийн бодис ашиглахад олон улс маш ноцтойгоор хүлээн авч, шуурхай арга хэмжээ аван бүх бодисыг устгалд оруулсан учрыг энд ойлгов. Мөн ямар ч асуудлыг дайн тулаангүйгээр энхийн замаар шийдэх ёстойг яс махандаа тултал мэдэрлээ. Дайн хэрхэв ч сонголт биш!
Уушиг амаар гарчихсан мэт цээжин дотор хоосон оргисоор музейгээс гарлаа. Үдшийн нар улайгаад намайг улам хямруулна. Цуг сурдаг хоёр найзтайгаа Бэн Тан захын урд уулзахаар тохирсон байсан тул тэр зүг алхав. Болгарын нийслэл Софиагаас ирсэн эмо Anton, Оросын Сибирээс ирсэн сайн эр Victor. Антон архитектураар, Виктор лазерь судлалаар сурдаг. Бид танилцаад 3 жил болж байгаа. Тэр хоёр Тайвань-Вьетнам-Хятад маршрутаар үүргэвчтэй аялаж байгаа ба Саигонд 3 хоногийн өмнө ирсэн. Аялалын сонин хачингаа хуваалцангаа оройн хоол идэцгээе гэж тохирсон байв.
Оройн хоолны цаг эхлээд захын эргэн тойрон хүн хөл ихтэй. Замын эсрэг талд байх олон үндэстний хоол нэг дор цугласан төмөр дээвэртэй асрыг нэг тойрчоод хоёр найзыгаа хүлээж суутал эмо залуу ганцаараа ирэв. Сайн эр өнөө шөнө 12-с өмнө бие даалт хураалгах ёстой, дуусгаад цагийн дараа ирнэ гэж байна. Хоолыг олуулаа идвэл амттай болохоор буу халангаа Викторын байрлуу алхаад, дуусахаар нь аваад гаръя гэж бид хоёр ярилаа.
Мэргэжил нэгт эмо залуутайгаа барилгын хэв маяг, шийдэл ярьсан шигээ алхаж гарав. Саигоны оффис дүүрэг тэнгэр баганадсан шилэн барилга олонтой . Вьетнамын хамгийн өндөр барилга эндхийн шинэ төвд байрладаг 81 давхар Landmark Tower (дэлхийд 14-т). Цонхнууд нь гэрэлтэй байхыг харахад хүмүүс илүү цагаар ажиллаж байгаа бололтой. Ажилсаг нь дэндсэн ард түмэн юм аа. Ингэж л хөгждөг байх.
Вьетнам нь нэг намт коммунист тогтолцоотой боловч, 1997 оны Азийн санхүүгийн хямралаас хойш хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй дэмжиж, нээлттэй зах зээлийн бодлого барин, 2013 он гэхэд төрийн өмчит компаниудын 50%-г хувьчилсан байдаг. Эдгээр зоримог шийдлүүд үр дүнгээ өгч тухайн үед 6%-тай байсан ажилгүйдлийн түвшин өдгөө 2% болон буурч (Монгол 11.4%), нэг хүнд ноогдох ДНБ 7000$ (Монгол 3800$) хүрсэн байна. Өндөр барилга, эдийн засгийн хөгжлийг нь хараад гайхах, атаархах сэтгэл зэрэг төрж байлаа.
Элдэв юм ярингаа алхаж байтал цаг хурдан өнгөрч Викторын байрны гадаа ирцгээв. Тэр airbnb-ээр орон сууцны хороололд байр захиалсан байв. Сониуч зандаа хөтлөгдөөд Саигончууд ямар байранд амьдардгийг сонжихоор оров. Нэг давхар нь тэр чигээрээ зогсоол. Дан скүүтэр. Коридортоо нь хүнс, тоглоом зардаг дэлгүүртэй. Шалан дээр нь нэг ах сэнс үлээлгээд тэрийгээд хэвтэнэ. 10 давхар орон сууц ганц жижиг лифттэй, ажлаасаа тараад ирсэн оршин суугчид багтаж шингэхгүй очерлон зогсоно. Урд нь модон сандал дээр суусан ах “гадны хүн лифтэнд суух бол 1000₮” гэсэн пайз барьчихаж. Лифтээрээ бол Монгол ялсан. Виктор 7 давхарт байгаа болохоор шатаар мацахаас залхуураад бууж ирэхийг нь хүлээцгээлээ.
Өлсгөлөн гурван оюутан хоол олж идэхээр залуусын гудамж Bui Vien-ыг зорилоо. Сайн эр бид хоёр нэлээн ховдог. Тэр бараг надаас их идэх мөртлөө гүзээгүй. Зэвүүн гар. Харин эмо залуу галбиртаа санаа зовоод байна гээд нээх идэхгүй. Хайран амьдрал.
Нуруулаг, гуалиг, царайлаг хоёр шар залуутай алхаж байхад нутгийн охидууд байнга нүд унагаастай. Би хажууд нь баг алаастай. Бандгар, намхан, хурган гүзээтэй. Ай бурхан чи ази залуусын нулимсанд цадах болоогүй юу гэж бодонгоо Могжоохон даагатай Жогжоохон хүү~ би, гээд амандаа аялж гарав.
Жоохон алхаад “Жинхэнэ Вьетнам хоол” гэсэн хаяг хараад гүйгээд орлоо. 3, 4 төрлийн хоол нэг нэг пивотой захиалав. Хоолоо хүлээнгээ аялалын сонин хачингаа ярьцгаав. Тэр хоёр галт тэргээр Da Nang хот орж ойрхон байдаг дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Hoi An тосгоныг үзээд, Саигонд дайны үед ухсан шуудуу, Меконг мөрний завьтай аялалд явсан гэв. Сэтгэлд нь хүрээгүй бололтой Хой Анаас бусдыг үзээрэй гэсэнгүй. Би ч тэр хоёрт юу үзсэнээ ярьж өглөө.
Хоолны амт сайхан байв. Гэдэс гараад, хоёр хоёр пиво уучаад сууж байтал Антоны найзын найз гээд энд сурдаг хоёр Франц уулзая хүрээд ир гэж байна гэв. Хүний 10,000₮-г төлөөд тэдний байгаа газар очихоор гарцгаалаа.
Жоохон алхаад нэг барилгын дээвэр дээр байдаг паб-д эмогийн найзын найз Bradley болон Lancelot-той танилцлаа. Лаг нэртэй залуус хууль, мэдээллийн технологийн хуулиар тус тус мастерт сурдаг. Франц Вьетнамын их сургуулиудын холбоо сайн байдаг ба хаана ч төгссөн нэгдсэн диплом гардуулдаг болохоор азийн соёлтой танилцахаар эндэх салбарыг сонгосон гэв. Ирээдүйд азийн зах зээл маш том болно, Хятад аль хэдийнэ баян орон болсон, үүнийг дагаад Тайланд, Вьетнам, Индонез, Энэтхэг гээд хаа сайгүй боломж байна. Гоё ажлын байр европт биш азид байна, төгсөөд Сингапур, Хонг Конг, Шанхайн аль нэгт ажилд орох сонирхолтой байна гээд өөрсдийн ирээдүйн талаар ярьцгаалаа. Зорилготой мөрөөдөлтэй сайхан залуус байв.
Жаал ярьж дотносоод сууж байтал Брадлэй инээлгэдэг газ сорох уу гэж байна. Юу юм гээд цуг текэн дээр очтол пивоны шахуурганы хажуудах цоргоны амсарт үлээдэг шаар углаад хий шахаад өгч байна. Нэг нь 10,000₮. Сорохоор 3 секунд манараад сайхан болно, хуулиар хориглоогүй байдаг гээд сорж үзүүлэв. Мансууруулах бодисонд нэг удаа гэж байдаггүй. Ялангуяа химийн бодис тарьханд шууд нөлөөлж, сэтгэн бодох чадварыг гэмтээдэг гэж уншиж байсан тул татгалзлаа. Сайн эр бид хоёр задгай пиво захиалаад бусад нь нэг нэг шаар аваад сорж гарав. Сорсныхоо дараа инээж ханиагаад сүйд. Эргэн тойрноо анзаартал хэд хэдэн ширээн дээр амандаа шаар зуусан залуучууд харагдана. Ай хорвоо.
Пиво оо шимэнгээ террасаас шөнийн Саигоныг ажиглаж суутал залуус газаа дууссан бололтой гарцгаахаар болов. Хоёр франц маргааш орой төрсөн өдрийн партитай, завтай бол ирээрэй гээд фэйсбүүкээр эвент урилга өгөв. Антон, Виктор хоёр маргааш Хятад нисэх болохоор ганцаараа очих сонирхол байсангүй ч амжвал очъё оо л гэлээ. Саигон дахь эхний өдөр адал явдлаар дүүрэн байлаа. Ёох, хурдан харьж амрах минь.
Удаах өдөр, /Мартын 8/
Зээ өнөөдөр бол Балжинням Дашням биш Март Баасан давхацсан өлзийтэй сайн өдөр билээ. Уншигч танд өнгөрсөн ч гэсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе! Монгол улсыг эмэгтэйчүүд нь авч яваа гэхэд нэг их буруудахгүй биз ээ. Эрчүүд нь эмэгтэйчүүдээ хүндлээд, эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээ дэмжээд явбал жигдрэх юмандаа байгаа гэж боддог билээ. Жилдээ ганц өдөр бус, өдөр болгон эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалцгаая гэж уриалаад удаах өдрийн тэмдэглэлээ хүргэж байна.
Өглөө босч цайгаа уучаад өдрийг эрч хүчээр дүүрэн эхлүүллээ. Өнөөдрийн зорилго бол Саигон хотын алдартай барилга байгууламж, гудамж талбай бүгдийг үзэх. Маргааш Меконг мөрнөөр явъя гэж байснаа болиод өглөө эрт автобусаар Камбожийн хаант улсын нийслэл Phnom Penh хотыг зорихоор шийдээд, хостелоос 33,600₮-р билет авсан. Эндхийн такси дууддаг аппликейшн Grab-р скүүтер дуудаад Нотр Дам цогчин дуганыг (Парисынхтай адил нэртэй) зорилоо . Манай UBCab-тай төстэй бөгөөд хаа хүртэл хэдээр явахыг урьдчилж мэдэх болохоор хэл мэдэхгүй аялагчдад тун чиг хэрэгтэй эд. Скүүтэр, такси, микро дуудахаас гадна хоол хүргэлт гээд юу л бол юуг амжуулна. Зүүн өмнөд азиар аялах бол утсан дээрээ заавал суулгаарай гэж зөвлөе. UBCab-г дээрэлхэж үйл ажиллагааг нь зогсоосон хамаг бүдүүн дарга нар энэ улсаас суралцаасай.
Үеийн залууд сундлуулаад, машин дундуур сүлжиж давхиад 15 минутанд сүм дээр ирэв (1000₮ болсон). Ханойд үзсэнтэй адил католик шашны энэ сүм өмнөд Вьетнамдаа хамгийн том нь. Сэргээн засч байсан болохоор дотор нь орж чадсангүй. Зураг авчаад зүүн талд нь байрлах төв шуудангийн барилгыг үзэхээр орлоо. 1891 онд ашиглалтанд орсон энэ барилга Готик загвартай ба дээврийн төмөр хийцийг Эйфелийн цамхагын зураг төслийг хийсэн гэгддэг Gustave Eiffel гардсан. Зуу гаруй жилийн настай энэ барилга саяхан баригдсан мэт гял цал бөгөөд гадаад дотоодын олон жуулчин зорин ирдэг. Үүнийг нотлох аятай урд талбайд нь баярын зураг татуулах хэсэг бүсгүйчүүдтэй таарлаа. Манай байгалийн түүхийн музейн барилга ч бас засаад авбал аялал жуулчлалын томоохон төв болох бүрэн боломжтойдоо гэж бодогдов.
Эндээс гараад Bach Dang усан онгоцны боомтыг чиглэн өмнө зүгрүү алхлаа. Саигон яахын аргагүй алс дорнодын Парис юм. Францууд хэдийгээр колончлож байсан ч маш олон үзэсгэлэнтэй барилга байгууламжуудыг үлдээжээ. Ялангуяа хотын захиргаа, дуурийн театр гайхамшигтай! Европт байгаа юм шиг л сэтгэгдэл төрөв (очиж үзээгүй л дээ). Атаархахын хажуугаар манай нийслэл азийн цагаан дагина гэгддэг байхдаа хэчнээн сайхан байсан бол гэж бодогдоно.
Хотын захиргааны урдах цэцэрлэгт хүрээлэнд их удирдагч Хо Чи Миний хүрэл хөшөө байх ба нутгийн иргэд хажууд нь зогсоод зураг татуулна. Цааш алхтал JICA-гийн төслөөр хэрэгжиж буй Вьетнамын анхны метроны барилгын ажил ид явагдаж байв. Yellow Line буюу Шар Шугамын нийт урт 19.7км (Таван шараас Баянзүрхийн товчоо). 2008 онд шав тавьсан ч эдийн засгийн хямралаас болоод барилгын ажил нь 2012 онд эхэлсэн. 2.1 тэрбум $-н төсөвт өртөгтэй энэ төсөл ирэх жил дуусна. Японы аваргуудын нэг болох Shimizu ерөнхий гүйцэтгэгчээр, нутгийн хоёр компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Вьетнам мундаг юм аа. УБ-ынхаа утааг ядаж шийдчих юмсан. Гайхшрал атаархал зэрэгцээд бачуурч явтал замын хажууд модон чихэр хүлхэх хөөрхөн охиныг олж хараад сэтгэл хөнгөрлөө.
Саигон хотын захиргаа түгжрээ, газар болон орон сууцны үнийн хөөрөгдлийг хязгаарлах зорилгоор голын зүүн эрэг дагуу “хотын шинэ төв”-ийг хөгжүүлж байгаа. Зам, гүүр, дэд бүтэц татаад, орон сууц оффисын бүтээн байгуулалтаа аль хэдийнэ эхэлжээ. Бак Дан боомтын эргээс эдгээрийг жаал ажиглаад Хо Чи Миний музейг үзэхээр голын эрэг даган уруудлаа. Замдаа гарцаар гарах гэж ёстой нэг алаан болов. Гэрлэн дохио ажиллахгүй, цагаан зураасыг жолооч нар тоохгүй.
Энд зам гарах ганц л арга байдаг. Зогсолтгүй алхах. Яг л Johnnie Walker шиг. Зуу татаагүй ч зүрхээ чангалаад алхаж гарлаа. Бас болоогүй ээ бичлэг хийгээстэй. Ямар ч байсан ирээд мөргөчихдөггүй юм байна лээ. Эсэн мэнд зам гараад хуримын зураг авалт хийж буй хосуудтай таарав. Би ч бас юугаараа дутахав гээд зургийг нь дарчихлаа. Тэмдэглэлт өдрөө давхцуулаад нэг сумаар хоёр туулай буудсан сэргэлэн хосууд юм. Баяр хүргэж аз жаргал хүсээд цааш алхав.
Яг хайлж урсахын даваан дээр Хо Чи Миний музейд хүрэв. Тусгаар тогтнол, коммунист нам, намын нэрт зүтгэлтнүүд, тэр дундаа Хо даргын тухай дэлгэрэнгүй үзүүлсэн нэлээн том музей байлаа. Адилхан коммунист намын удирдагч байсан ч Сталин, Мао Цзедун нар шиг муу нэр зүүгээгүй. Авилга, хээл хахуульд авталгүйгээр эрх чөлөө тусгаар тогтнолыг авч ирсэн түүнийг “улсын эцэг” гэдэг. Ардын амьдралд санаа тавьдаг, өрөвч зөөлөн сэтгэлтэй байсан болохоор Вьетнам хүмүүс Хо авга (Bac Ho) гэж авгайлна.
Тэрээр 1890 онд хөдөөний ядуу айлд төрсөн. Күнзийн номлогч аавынхаа нөлөөгөөр бага наснаасаа Хятад хэл сурч, төрийн албан хаагчийн сургуульд элссэн боловч, тариачдын татварыг багасгах хөдөлгөөнд элссэн шалтгаанаар сургууиасаа хөөгдөж байв. 1911 онд Франц явах хөлөг онгоцонд туслах тогоочоор ажилд орсноор анх удаагаа гадаад ертөнцтэй танилцжээ. Тэнд нутаг нэгтнүүдтэй нь адил үгээгүй ядуу франц хүн байхыг харж, Marseille хотын кафед түүнтэй Monsieur (эрхэм ээ) гэж мэндлэхэд нь бүр шоконд орсон байна. Өдийг хүртэл харьцаж ирсэн Францууд захиргаадсан, дээрэнгүй хүмүүс л байсан болохоор аргагүй биз. Энэ явдал түүнд хүний эрх, эрх чөлөөний талаар ихийг бодогдуулав. Юм үзэж нүд тайлахаар сэтгэл шулуудсан залуу Хо хөлөг онгоцондоо үргэлжлүүлэн ажиллаж, Алжир, Тунис зэрэг бусад Францын колони орнуудаас гадна Америк тив, Европын олон орноор зочлов. Эцэст нь Англи хэл сурахаар Их Британид суурьшив.
Энэ үед 1917 онд болсон Оросын хувьсгал түүнд хүчтэй нөлөөлснөөр улс төрийн карьераа эхлүүлжээ. Францын социалист намд гишүүнээр элсэж доорх гурван шаардлагыг засгийн газарт тавьжээ. Хэдий колонийн улс ч гэсэн Вьетнам хүн Франц хүнтэй адил эрхтэй байх, хэвлэл мэдээлэл хараат бус байх, үг хэлэх эрх чөлөөг олгох. ЗГ мэдээж хүлээж аваагүй боловч энэ явдал түүний амжилтын эхлэл болов. Олон улсад “Энх тайванч үндсэрхэг Хо” нэрээн танигдаж, олон дэмжигчтэй болов.
Лениний бичсэн “Үндэстэн болон Колоний асуудлын талаарх ишлэл”-ээс хүчтэй нөлөө авч, ЗХУ болон Хятадтай нягт харилцаа тогтоож, Коммунист намыг байгуулан, 2-р дайны дараа ерөнхий сайд болов. Түүний хэлсэн хамгийн алдартай ишлэл бол “Вьетнам ард түмний аз жаргал тусгаар тогтнолоор эхэлнэ” юм. 1969 онд 79 насандаа энх цагийг харж чадалгүй нас барсан ч, ялалтад оруулсан түүний хувь нэмрийг үнэлж баршгүй.
Музейгээ үзчээд өдрийн хоол идэхээр хотын төврүү буцаж ирэв. Эртнээс точка-лосон байсан The Workshop Coffee гэдэг газар орно. Хотын захиргааны зүүн урд, арын нарийн гудамжинд байрлах энэ газар жуулчин гэлтгүй нутгийн хүмүүсийн дунд ч алдартай. Ид цайны цагаар очсон болохоор хүн ихтэй байв. Үүдээр нь ормогц кофены анхилуун үнэр ханхлаад сайхан байна аа. Хоолны менюг нь харж байгаад нэрийн бургер захив. Уух юмны меню харсан байдаггүй ээ. Үйлдвэрийн, нэрмэл, найрка, өвгөнт гэсэн дөрөвхөн төрлөөр хязгаарлагдах кофены мэдлэгтэй надад ойлгох юм алга. 3 төрлийн үрийг 16 аргаар чанаж 48 төрлөөр аягалж өгнө гэнэ. Юу вээ шүдний маань тооноос их юм байнашдээ. Эхнээс нь дурдвал moka pot, aeropress, drip brewer, percolator, cold drip, french press, siphon гээд явж өгч байна. 16 “зэмсгүүдээ” текэн дээрээ өрөөд тавьсан нь их үзэмжтэй. Аргагүй л кофены вөркшоп юм байна. Кофе ууна гэдэг чинь урлаг юм байна. Өдийг хүртэл гурилдаж ирсэн намайг уучлаарай.
Харж харж Ngoc гэсэн танил нэр (ханойд шагайсан хуримын шинэ бэрийн нэр) харагдхаар нь тэр үрийг сонгоод “latte please” гэсэн зөөгч нь “ямар аргаар вэ?” гээд шалаад ирлээ шүү. Хоолойгоо засч байгаад “чиний санал болгосноор” гээд аваад л хаялаа. Ер нь тэгээд хоолны газар ороод мэдэхгүй чадахгүй юм байвал ингээд хэлчихвэл амар юм байна лээ. Хоолоо хүлээнгээ эргэн тойрноо сонстол гоё гоё агаа аниа нар “ийм үрийг ингэж чануулая, нөгөөхөө, өнөөдөр ингэж ууя” гээд урлагтай захиалж байна шүү. Гайгүй ээ! Том болохоороо дахиж ирээд захиалгаа гоё өгнө за!
Зөөгчийг дахиж дуудаад мөстэй кола, десертэнд panna cotta захилаа. Хоол, орчин, кофе, үйлчилгээ бүх юм ярилтгүй сайхан. 10-аас 9 оноо өгөөд кофе уунгаа номоо уншлаа.
Нэлээн тансаглаад авсан би Бэн Тан захруу алхах замдаа бэлэг дурсгалын донжтой дэлгүүрүүд олов. Ханойнхоос хамаагүй гоё. Гар урлал, дизайн сонирхдог бол та заавал очоорой. Чамин загвартай ил захидал, соронз, сүлжмэл, шаазан ваар сав, сүрлэн эдлэл, гэрэл чийдэн гээд юм юм байна. Дотор заслаа хямд материалаар үзэмжтэй шийдсэн энэ дэлгүүрүүдийг бараа нь чимнэ.
Харин Бэн Тан зах шал өөр. Бетон дам нуруутай төмөр дээврийн доор шамбааралдсан олон лангуу. Хоол хүнс, хувцас хунар, цахилгаан бараа, гоо сайхан гээд бүх төрлийн юм зарна. Манай Наран туул, Бөмбөгөр шиг. Юмны үнэ бараг Монголоос хямд.
Захын эргэн тойронд нарийн боовны цех их байна. Бялуу, макарон, эклер, круассан гээд Франц идээ ёоз ёозоороо. Хэрвээ та амттанд дуртай бол сонирхууштай. Би дуртайм болохоороо 2000₮-р круассан авч идэнгээ жирийн гудамж ямар байдгийг үзэхээр хотын баруун хэсэг дахь 3-р дүүрэгрүү алхлаа. Нар хэвийгээд гадаа арай сэрүүхэн.
Замдаа Хинду шашны сүм, азарган тахианы бооцоотой тулааны “тамирчид”, билльярд цохиж даам нүүх эрчүүд, өмхий үнэртэй дуриан жимс гээд янз бүрийн зүйл харав. Монгол үлгэрт хааны хатан алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүү гаргадаг бол Вьетнамд эсрэгээрээ бололтой, манекены дэлгүүрт тийм залуу харлаа. Ил лангуунууд дээр банана, бүтэн тахиа шарна. Өлөн оюутан яаж тэсэхэв, авч л орхилоо. Халуун, цагаан өнгийн чихэрлэг соустай зүгээр л юм.
Нар жаргаж, ажил тарах цаг болов. Ерөөсөө түгжирдэггүй сайхан хот байна гэж бодсон эндүүрчээ. Дөрвөн замын уулзвар дээр наашаа ч үгүй цаашаа ч үгүй түмэн скүүтэр хаазлаад зогсохоороо аймар юм. Утаанд нь хоолой хорсоод УБ-ын өвлийг санагдуулна. Маск зүүсэн жолооч цөөнгүй харагдана. Энд ч бас утаанаас эрүүл мэндээ хамгаалах хамгийн хялбар арга маск зүүх.
Баасан гараг, дээр нь Март 8 болохоор илүү ачаалалтай байгаа байх. Хосоороо сундалсан, дурлалт бүсгүйдээ цэцэг зөөсөн, хоол хүргэлтийн гээд янз бүрийн л жолооч харагдана. Зам дээр багтахгүй хашлага даваад явган замруу хүртэл ороод ирнэ. Тэр дунд нь явган би хүртэл түгжрээстэй. Хамгийн сонин нь хоорондоо ер хэрэлдэж зодолдохгүй. Скүүтэр юм чинь хажуунаас шахаад ороод ирвэл цохиод авч болох байлтай. Манайхан шиг “нэг хором хүлээ” гэдэг дүрэмтэй юм болов уу?
Төв замаар алхана гэдэг бүтэхгүй ажил байсан тул арын гудамруу оров. Нутгийн ах нар барьж аваад сэгсэрчихвий гэж эмээсэн ч Монгол ялна гэдэг ерөнхийлөгчийнхөө үгийг санаад зоригтой алхлаа. Арын гудам их нарийн, хоёр хүн л зөрөхөөр зайтай. Айлууд гэрлүүгээ эндээс ордог. Ерөөсөө хоггүй цэвэрхэн. Жижиг мухлаг, гуанз их таарна. Хааяадаа над шиг жуулчин бас скүүтэр зөрнө. Энд 2000₮-р гутал зардаг сонин дэлгүүр харав. Баахан гутал шаахай овоолчихсон, өрөөснийг нь өөрөө ол гэдэг дэлгүүр. Хоёр өөрийг углаад явсан ч болно гэнэ. Бас л хайнга гарууд юм. Энэ дэлгүүрт “гуталны буфет” гэдэг нэр өгөв.
Цаг орой болсон тул хоол идчээд харих санаатай нэг гуанзанд ороод байгаа бэлэн мөнгөө зөөгчид нь үзүүлээд 1 пиво, 1 хоол авъя, юу ч байсан болно гэтэл ok! гээд яваад өглөө. Шилтэй Tiger авч ирж өгөөд хоол 10 минут гэв. Араас нэг шар залуу орж ирээд хажуугийн ширээн дээр суулаа. Захиалгаа өгчөөд яриа өдөж байна. Түүний нэрийг Matt, Англи улсын иргэн. Бангкокт ажилладаг бөгөөд энд амралтаараа ирсэн гэнэ. Их сонин түүхтэй, ажилтай залуу байв.
Нью Йоркт том компанид ажиллаж байгаад 5 жилийн өмнө зүүн өмнөд азиар аялахдаа Тайланд улсад анхны харцаар дурлажээ. 2 сар хостелд амьдарсан тэрээр буцмааргүй байсан тул ажлаасаа гарч, тэндээ үлдэж өөрийн бизнесийг эхлүүлэхээр шийдсэн байна. Одоо аялалын хувийн менежер хийдэг гэнэ. Өөрийн веб хуудсаараа АНУ, Англи, Австралиас жуулчид авч голдуу Тайландаар аялуулдаг. Зүгээр нэг аялал биш зөвхөн тусгай аялал. Хөдөө тосгонд тариачны гэрт амьдрах, сүм хийдэд лам болон суух, том хөлөг онгоцон дээр хурим хийх гээд захиалагчийн ямар ч хүслийг биелүүлдэг гэнэ. Өмнөх ажлаасаа хамаагүй илүү орлоготой гэж байна шүү. Вьетнамд адилхан үйлчилгээ эхлүүлэх зорилгоор аялангаа судалж явна гэлээ. Сонирхолтой л юм.
Гээд танилцаад буу халаад сууж байтал миний хоол ирлээ. Ээ хөөрхий, хатуу хорвоо. Юу вэ энэ чинь одоо. Тосонд шарсан дөрвөн ширхэг тахианы савар. Халуун ногоогоор амталчихаж. Вьетнамын аялал яг сайхан өндөрлөх гэж байхад хамгийн сүүлд нь ингэж алах гэж. Үхрийн сүүлэн дээр хутга гэж үүнийг л хэлнэ байх. Нэгэнт захисан хойно идэж эхлэв. Ишш, идэх юм гэж алга энэ турьхан саварт. Алганд нь л жоохон маханцар байна. Алга гэх ч юм уу бүү мэд. Амт нь яахав давс халуун ногоотой зүгээр л юм. Гэхдээ л…
Зөөгч таалагдаж байна уу гэсэн янзтай, зайнаас ажиглана. Гоёэнаа л гэлээ. Баярлаж байна гэж жигтэйхэн эрхий хуруугаа гозолзуулаад инээгээд л байна. Вьетнамууд пиво уунгаа амны зугаагаа гаргадаг бололтой. Гэхдээ л өөр ширээн дээр адилхан хоол нэг ч харагдсангүй. За яахав. Нэг удаа идэж үзэхэд бол зүгээр л юм. Порц бага байсан ч гэр бүлээрээ Март 8-ны зоог барих бусад хүмүүсийн уур амьсгалд сэтгэл цадав.
Бэлэн байсан 8800₮-өө өгөөд харьж унтахаар алхлаа. Замдаа VinMart (Circle K шиг нутгийн сүлжээ) орж маргааш замд уух ус, бага сага чихэр печень картаар авав. Орой болоод хөл хөдөлгөөн багасчээ. Нэг сонин юм харсан нь зам дээр чанга яригч түрээд дуулж байсан залуу. Олонд танигдаж од болох гэж байна уу эсвэл улаан караокечин байх. Хүний хэрэг надад ямар хамаа байхав. Маргааш харин шал өөр улс, шал өөр соёл, шал өөр түүх намайг хүлээж байгаа.