Гутлын шүүгээн дэх захидал
Ахлах сургуулийн хоёр дугаар курс. Тариалангийн талбайн дунд, уулан дээр орших цэргийнх мэт дэглэмтэй хөдөөний сургуульд ирээд удаах хавраа угтав. Хавар гэвэл Сакура. Урин цаг, борооны улирлын завсар амжиж ирээд яарч буцдаг саглагар модны цайвар ягаан цэцэг амьдрал ахархан гэдгийг сануулна.
Эхлэл төгсгөл, учрал хагацлын энэ улирал хичээлийн шинэ жил эхэлж шинэ элсэлтийнхэн ирэв. Доод ангид цагаан царайтай, дундаж нуруутай, жаахан соёотой, урт бор үстэй, нүүр дүүрэн мишээсэн охин шилжиж ирлээ. Түүний нэр Сакура.
Анхны харцаар дурлаагүй ч инээмсэглэл нь дур булаам. Цаанаа л нэг өөр. Сурлага сайтай, нийгмийн идэвхтэй тийм нэг охин. Олон секц дугуйлан дундаас миний явдаг усанд сэлэлтэд элссэнээр өсвөр насны минь хамгийн гоё дурсамжуудын нэг эхлэв.
Тэр Япон, би Монгол, ядаж байхад миний хэл модон. Очоод шууд ярьж чадахгүй. Манай анги хоёр, түүнийх нэг давхарт, сургуулийн байранд бараг таарахгүй. Харин орой бүр бэлтгэл дээр нүүр тулна. Дээд анги учраас намайг “Сэнпай” гэж дуудна. Дуудах бүрд нь сандарч бантсандаа газар хөлөөрөө наймын тоо зурах дөхнө.
Бассейнд явахын давуу тал нь өдөр бүр усны хувцастай охидыг харж болно. Гэвч түүнийг ирэх хүртэл тэгж их хардаггүй байжээ. Нэг мэдсэн амрах болгондоо бусад эгнээнээс түүнийг хайдаг болсон байв. Дурласан гэдгээ энэ үед анзаарч билээ.
Дотуур байртай манай сургуульд хоорондоо үерхэхийг хатуу хориглоно. Охид хөвгүүд ойрхон сууж, гар хөлөө хөтлөлцвөл багш нарын хурлаар орж шүүгдэнэ. Асуудал хүндэрвэл бүр сургуулиас хөөнө. Хаа сайгүй багш нарын нүд хяналтын камер шиг.
Ийм орчинд олигтой санаачилга гаргаж чадалгүй эхний улирал дуусаж, Япон сурагчид гэртээ харьж, гадаад оюутнууд дотуур байрандаа үлдэцгээв. Миний амьдралын хамгийн урт, уйтгартай зун энэ байсан байх.
Шатаж үхмээр халуун өдрүүд дуусаж хоёр дугаар улирал хаяанд ирж, Япон хүүхдүүд ээлж ээлжээр дотуур байрандаа ирцгээв. Би шилэн ханатай том зааланд суугаад, хичээлээ хийнгээ хашааны хаалгаруу байн байн гөлрөнө.
Нар доошилж сэрүү орох үед цагаан машин ирэв. Нэг эгчийн араас хүлээсэн хүн маань буугаад ирлээ. Үсээ бага зэрэг тайруулсан нь гоё зохижээ. Цүнхээ бариад дотуур байрлуугаа орохдоо намайг анзаарсангүй. Харц салгалгүй түүнийг ширтэхдээ “Энэ улирал заавал нэг арга бодно” гэж өөртөө амлав.
Арван зургаатай надаас захидал бичихээс өөр олигтой санаа гарсангүй.
“Сайн уу? Зуны амралтаа яаж өнгөрөөсөн бэ?” нэг л биш.
“Юу байна? Сургуулиа санасан уу?” энэ бүр ч биш.
“Сайн уу? Сайн явж ирсэн үү?” за ямар холоос ирсэн бишдээ.
Нэлээн хэд бичив. Бичгийн хэвэндээ ч анхаарав. Ашгүй үзэг цаас эвлээд модон хэлээрээ хэдэн үг холбов. Дуусгахдаа “захидлаар харьцаж байя” гээд асуултын тэмдэг тавиад хүнд харагдалгүйгээр гутлын шүүгээнд нь сэмхэн хийв.
Нэг хоног өнгөрөв. Дахиад нэг хоног өнгөрөв. Хариу ирсэнгүй. Энэ хоёр хоног зунаас ч урт санагдав. Гурав дахь өдрөө шүүгээнээсээ эвхсэн ягаан цаас олов. Урах шахам яарч дэлгэхдээ “уучлаарай” гэсэн хариу байхвий гэж айнгаа түргэхэн уншив. Тэр дороо цээж минь дүүрлээ. Хэдхэн өгүүлбэртэй богинохон захианд ингэж их баярлах гэж.
Сурагч бүр гутлын хоёр шүүгээтэй. Дотуур байранд нэг, биеийн тамирын зааланд нэг. Шүүгээ бүр нэртэй. Бараг хувийн өмч. Харин бид хоёрын хувьд энэ өдрөөс хойш шуудангийн хайрцаг, хайрын захиа гарч ирдэг шидэт сав болов.
Түүний захидлууд их чамин. Өнгө өнгийн цаасыг нар сар, цэцэг навчаар чимэглэнэ. Өгүүлбэр дундаа smiley, зүрх зурна. Энгийн үед цаасаа дөрвөлжин, хааяа зүрхэн, ааш нь хөдлөхөөр гурвалжин оригами болгож эвхэнэ. Гэхдээ яаж ч аашилсан заавал хариу бичнэ. Харин би бичгийн цагаан цаасан дээр хар үзгээр бичихдээ хааяа нэг цэцгийн дэлбээ хавчуулна.
Миний Япон хэлийг байнга засна. Холбоо үг, эсрэг үг, ойролцоо үг гээд дандаа зааж өгнө. Заримдаа Монголоор хэдэн үг бичнэ. Тэр нь их хөөрхөн. Миний нэрийг бичиж сурна гээд нэлээн оролдож билээ.
Сургууль дээр таарахаараа хоорондоо бараг ярихгүй. Намайг “Сэнпай” гэж дуудах ч, захиан дээрээ нэрийн минь ард “сан” залгана. Харин би “Сакура” гэж дуудаад, захидалдаа “Сакура чан” гэж өхөөрдөнө.
Нууцхан харилцаа хоёр сар үргэлжилж өвлийн амралт дөхөв. Арван тавхан хоног болохоор энэ удаа алзахгүй ч Зул сар, Шинэ жилээр уулзахгүй гэж бодохоор дотор нэг л blue. Шинэ жилийн бэлэг болгож шүүгээнд нь захидлын хамт дуртай choco-г нь хийв.
Тэднийх жижигхэн bakery-тэй. Хааяа гэрийнхээ ажилд тусалдаг. Надад зориулж гараа гарган гацуур мод, буган хэлбэртэй cookie хийснээ амралтаасаа ирэхдээ бэлэглэв. Таван ширхэг печенийг өөрөөсөө харамлаад тав хоног идэж билээ. Тэр амтыг одоо ч тодхон санадаг.
Гутлын шүүгээгээ үдийн цай, хичээл тараад, орой унтахдаа шалгадаг өдрүүд үргэлжилсээр. Нэг удаа Disney character-уудаас аль нь хөөрхөн бэ гэж ярихдаа Mickey Mouse-т дуртайг нь мэдэв. Тэр үед Disney Land-д болзохыг үнэн голоосоо хүсэж билээ. Даанч ядуу гадаад оюутан тэнд болзох бүү хэл очих ч боломжгүй.
Дуу хөгжмийн хичээл гурван давхрын мухрын танхимд долоо хоногт нэг удаа орно. Гурван том самбартай. Багш зүүн, голын самбарыг голдуу ашиглана. Баруун самбараа бараг арчихгүй. Бүх ангиуд энд ордог болохоор үүнийг ашиглах санаа төрөв.
Завсарлагаанаар самбарын доод буланд Mickey зурж үлдээв (энэ талаар захиандаа бичээгүй). Дараагийн долоо хоногт Mickey-гийн хажууд Minnie зурсан байв. Мэдээж тэр минь. Ингээд захидлаас гадна самбар дээр зурж харилцдаг болов. Би нар зурвал тэр сар, уул зурвал үүл, мод зурвал шувуу зурна. Цагаан шар, ягаан цэнхэр шохойгоор ээлжилж зурсаар самбар дүүрэн одод түгсэн шөнийн тэнгэр зурж билээ.
Биеэр биш ч гэсэн бид хоёрын болздог газар энэ самбар болсон байлаа. Дууны багш гадарлачихсан, намайг юм зурахаар инээгээд харна. Гэхдээ манай тал болохоор арилгахгүй. Сургуулийн захиргаанд ч ховлохгүй.
Цуг суугаад гучин минут ярьж үзээгүй ч хагас жил захиагаар харьцахдаа бие биенээ сайн мэддэг болсон байв. Гэхдээ нэг ч удаа болзоонд явж үзээгүй. Сургууль, заал, дотуур байр гэсэн хэдхэн байшингийн дунд хаанаа ч болзох билээ. Нэг л урагшгүй байж байтал тэр надад “төгөлдөр хуур зааж өгье” гээд хагас сайн өдөр бүр гурван цагаас хичээл нэрээр болздог болов.
Миний сурна гэж юу байхав, зүгээр л түүний тоглохыг нүд салгалгүй харна. Жиндүү хүйтэн зааланд зэрэгцэж суугаад хоорондоо бараг ярихгүй. Хүн байхгүй үед зүүн гараараа түүний баруун гарыг атгаж дулаацуулна. Юу ч болоогүй юм шиг тэр нөгөө гараараа үргэлжлүүлэн тоглоно. Энэ мөчид хичээл битгий дуусаасай, хаврын амралт битгий ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байлаа.
Чанга дэглэмтэй сургуульд ийм харилцаа удаан үргэлжлэхгүйг хэн хэн нь мэдэж байлаа. Хаврын амралт эхэлбэл энэ бүхэн дуусна гэдгийг ч гадарлаж байв. Гэхдээ хэн нь ч энэ талаар ярихыг хүссэнгүй.
Цаг хугацаа явсаар төгсөлтийн баяр дөхсөөр… Дууны өрөөний самбар эл хуль хоосон болж, бидний захидлын тоо ч цөөрөв. Төгөлдөр хуурын хичээл харин нэг ч удаа тасраагүй юм.
Япон оюутнууд гэртээ харихаас долоо хоногийн өмнөх шөнө. Охидын байрлуу нууцаар орж түүнтэй уулзахаар шийдэв. Яах гэж очиж байгаагаа, юу хэлэх гэж байгаагаа өөрөө ч мэдэхгүй. Зүгээр л түүнийг харахыг хүсэж байлаа.
Харуулын өрөөний урдуур мөлхөж гараад охидын байрлуу сэмхэн гүйв. Өрөөнд нь ороод хацар дээр нь үнстэл чимээгүйхэн тэр минь сэрэв. “Уулзахыг хүсээд унтаж чадалгүй хүрээд ирлээ” гээд гаран дээр нь үнстэл тэр юу ч дуугаралгүй мишээв. Түүний мишээхийг хараад “Би чамд хайртай” гэсэн гурван үг өөрийн эрхгүй амнаас минь гарав.
Нүдэнд нь цийлгэнэх нулимс сарны гэрэлд тодхон гялалзана. Барьж чадалгүй хацрыг нь даган урсахад аяархнаар тэр надад
「私も好きです」 гэж хэлээд гарыг минь атгав. Энэ чигээрээ юу ч ярилгүй хэсэг байв. Жавартай агаарт амьсгал цантах нь дотроо шатаж байгааг минь гэрчилнэ. Энэ мөчид жаргал зовлон хоёрыг зэрэг мэдэрч билээ.
Жинхэнэ мөртлөө зүүдний юм шиг, үерхсэн хэрнээ үерхээгүй ч юм шиг, дурласан боловч хайрлаж чадаагүй арван зургаан нас минь нүд ирмэхийн зуур өнгөрөв. Бид хоёрын сүүлийн захидлууд талархлаас өөр үггүй байлаа.
Ирэх хавар нь уулзахдаа юу ч хэлэлгүйгээр бие биерүүгээ инээмсэглэв. Түүний харцнаас аз жаргал, харин минийхээс хайр гэрэлтэж байсан байх. Гадаа харин Сакура цэцэглэсэн байлаа.